ДУГУЙН ОЮУТНЫ ДЭЛХИЙН АВАРГААС МОНГОЛ ТАМИРЧИН АНХНЫ МЕДАЛИА ХҮРТЛЭЭ.
Филиппины Тагаятая хотноо энэ оны 3 сарын 16-20-нд болсон дугуйн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 120 км бөөн гараатай уралдаанд Монголын тамирчин Батмөнхийн Марал-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ. Ийнхүү Монгол тамирчин анх удаагаа дугуйн оюутны ДАШТ-ий медаль гардан авч байгаа нь энэ юм. Тэрээр энэ зайг 3 цаг 13 мин 42 сек туулж Австралийн тамирчин К.Монкийн ард иржээ. Харин хүрэл медалийг энэ зайд 46 тамирчин уралдснаас Германы А. Вейфенбах хүртэв.
Энэ тэмцээнд 5 тивийн 16 орны 120 тамирчин, албан хүмүүс хүрэлцэн ирж оролцсон бол манай улсаас 4 тамирчин, МУГТ Өлзий-оршихын удирдлага дор очжээ.
Бөөн гараатай 120 км зайд манай Э.Билгүүнжаргал 12 байр, Э.Мөнхтулга 20 байр, Э.Болор-Эрдэнэ 22 байрыг тус тус эзлэв.
Манай дугуйчидаас критериум уралдаанд Б.Марал-Эрдэнэ 8 байр, Э.Билгүүнжаргал 12 байр, Э.Мөнхтулга 20 байр, Э.Болор-Эрдэнэ 22 байрыг эзэлсэн байна.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО