Буудлагын эрэгтэй баг Универсиад наадмын хүрэл медаль хүртлээ
Дэлхийн оюутны универсиад наадмын буудлагын тэмцээн энэ сарын 5-ны өдөр эхлэн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Монголын баг тамирчдаас эрэгтэй тамирчид 50 метрийн сонгомол гар бууны дасгалд Монголын баг 1620 оноогоор гуравдугаар байранд орж хүрэл медалиар энгэрээ мялаалаа. Энэ дасгалд БНСУ-ын баг 1655 оноогоор, ОХУ-ын баг 1636 оноогоор эхний байруудад шалгарчээ. Хүрэл медаль зүүсэн багийн бүрэлдэхүүнд ОУХМ Э.Даваахүү, Спортын мастер Э.Бадамгарав, О.Төгөлдөр нар багтжээ. Буудлагын тэмцээнд манай улсаас 15 тамирчин 3 дасгалжуулагчийн удирдлага доор өрсөлдөж байна. Баг тамирчиддаа дараагийн тэмцээнүүдэд нь амжилт хүсье.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО