БОКСЫН ОЮУТНЫ АЗИЙН АВАРГААС 4 МЕДАЛЬТАЙ ИРЛЭЭ


Тажикстаны Душанбе хотноо 2016 оны 5 сарын 1-8-нд болсон Ази тивийн оюутны аварга шалгаруулах боксын анхдугаар тэмцээнээс Монголын оюутан залуучуудын баг 4 медальтай ирлээ.

Энэ тэмцээнд Афганистан, Иран, Япон, Монгол, Киргизстан, Казакстан, Тайланд, Тажикстан, Энэтхэг 10 орны 100 гаруй тамирчид эрэгтэй 10-н жин, эмэгтэй олимпийн 3 жинд аваргаа шалгаруулсан юм.
Манай улсаас нийтдээ 9 тамирчин оролцсноос эмэгтэйчүүдийн 60-н кг жинд Н.Оюун-эрдэнэ нь Тажикстаны алдарт тамирчин, Лондонгийн 2012 оны олимпийн хүрэл медальт М. Чориеватай шигшээ тоглолтонд таарч амжилттай тоглон мөнгөн медаль хүртлээ.
Эмэгтэй 51 кг жингийн тамирчин О.Жаргалан хүрэл медаль хүртэв. Харин эрэгтэйчүүдээс 56 кг жинд Б.Мишээлт болон 64 кг жинд О.Норовбал нар анхны Азийн оюутны аваргын тэмцээнээс хүрэл медалийг тус тус хүртлээ. ОУХМастер Б.Мишээлт нь бэлтгэлийн үеэд хөлийн гэмтэл авснаас Тажикстаны тамирчинтай мөнгөн медалийн төлөө тоглолт дээр эмч шүүгчийн магадлагаагаар рингэнд гарч чадаагүй байна.
Монголын баг тамирчдын дасгалжуулагчаар спортын мастер Б.Төрбат, шүүгчээр О.Мандахбаяр нар Душанбе хотноо ажиллаж баг тамирчидаа амжилттай удирдан оролцуулжээ.
Тус тэмцээнд нэг жинд 1 улсаас 2 баг орсон ба багийн нэгдсэн дүнгээр Тажикстаны баг тэргүүн байр эзлэн, Казахстан, Киргиз улсын багууд удаах байруудад орж цом гардан авлаа.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО