БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2003 оны 10 дугаар сарын 31-ний өдөр |
Улаанбаатар хот |
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь биеийн тамир, спортын зохион байгуулалт, эдийн засаг, эрх зүйн үндсийг тодорхойлж, түүнд оролцогчдын хооронд үүссэн харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Биеийн тамир, спортын тухай хууль тогтоомж
2.1.Биеийн тамир, спортын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."биеийн тамир" гэж нийгмийн соёлын бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хүний бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл мэндийг бэхжүүлэх, хөдөлгөөний идэвхийг сайжруулах зорилгоор оюуны болон материаллаг үнэт зүйлийг бий болгох үйл ажиллагааг;
3.1.2."спорт" гэж биеийн тамирын хөгжлийн үр дүнд бий болсон тэмцээн, түүнд тусгай журмын дагуу бэлтгэж, оролцох үйл ажиллагааг;
3.1.3."мэргэжлийн спорт" гэж үзэгчдийн болон мэргэжлийн спортын байгууллагын ашиг сонирхлыг хангах, ашиг олох үндсэн зорилготой зөвхөн мэргэжлийн тамирчид оролцдог спортыг;
3.1.4."үндэсний спорт" гэж ард түмний уламжлал, зан заншилд тулгуурлан хөгжсөн үндэстний онцлог шинжийг агуулсан спортыг;
3.1.5."тамирчин" гэж спортоор системтэй хичээллэж, тэмцээнд оролцдог этгээдийг;
3.1.6."өндөр зэрэглэлийн тамирчин" гэж спортын тодорхой төрлөөр системтэй хичээллэж, үндэсний болон олон улсын тэмцээнд тогтмол оролцдог, спортын төрөл, цол, зэргийн нэгдсэн ангиллын дагуу спортын мастераас доошгүй цол авсан тамирчныг;
3.1.7."мэргэжлийн тамирчин" гэж спортын тодорхой төрлөөр мэргэшиж, түүгээрээ дагнан хичээллэн, тэмцээнд бэлтгэж оролцсоныхоо төлөө контрактын дагуу цалин хөлс, бусад мөнгөн урамшуулал авдаг тамирчныг;
3.1.8."биеийн тамир, спортын байгууламж" гэж иргэн, тамирчид биеийн тамир, спортоор хичээллэх, тэмцээн явуулах зориулалттай заал, танхим, талбайг;
3.1.9."ажилтан" гэж биеийн тамир, спортын байгууллагад ажиллаж байгаа болон биеийн тамир, спортын үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийг.
3.1.10."биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллага" гэж биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн чиглэлээр ажил, үйлчилгээ үзүүлэх зорилго, чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг;
/Энэ заалтыг 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
3.1.11."чийрэгжүүлэлт" гэж хүний хөдөлгөөний идэвхийг сайжруулах замаар эрүүл мэндийг бэхжүүлэх, нөхөн сэргээх үйл ажиллагааг.
/Энэ заалтыг 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
4 дүгээр зүйл. Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах зарчим
/Энэ зүйлийн гарчигт 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.1./Энэ хэсгийг 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
4.2.Төрөөс биеийн тамир, спортын талаар дараахь зарчмыг баримтална:
4.2.1.иргэдэд биеийн тамирын хүмүүжил олгох үйл явц тасралтгүй, залгамж шинжтэй байх;
4.2.2.биеийн тамир, спортыг хөгжүүлэхдээ биеийн тамир, спортын үйлчилгээ үзүүлэх байгууллагуудын бие даасан, өмчийн олон хэлбэрт тулгуурласан байдлыг хангах;
4.2.3.биеийн тамир, спортын бодлого, арга хэмжээ нь төрийн бүх шатны, биеийн тамир, спортын байгууллага болон бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэний нэгдмэл үйл ажиллагаагаар хэрэгжих.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Биеийн тамир, спортын удирдлага, тогтолцоо
5 дугаар зүйл. Биеийн тамир, спортын төрийн удирдлагын тогтолцоо
5.1.Биеийн тамир, спортын төрийн удирдлагын тогтолцоо нь Улсын Их Хурал, Засгийн газар, биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон нутгийн захиргааны байгууллагын удирдлагаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх
6.1.Улсын Их Хурал нь биеийн тамир, спортыг дэмжих талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1.биеийн тамир, спортын үндэсний бодлогыг тодорхойлох;
6.1.2.биеийн тамир, спортын асуудлаар олон улсын гэрээнд Монгол Улс нэгдэн орох, гарах асуудлыг шийдвэрлэх;
6.1.3.хуульд заасан бусад бүрэн эрх.
7 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх
7.1.Засгийн газар нь биеийн тамир, спортыг дэмжиж хөгжүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1.биеийн тамир, спортын үндэсний бодлогыг хэрэгжүүлэх;
7.1.2.биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр баталж, хэрэгжүүлэх;
7.1.3.насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийг байгуулан ажиллуулах;
7.1.4.олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах болон үндэсний хэмжээний тэмцээний мөнгөн шагналын хэмжээ, түүнийг олгох журам батлах;
/Энэ заалтыг 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
7.1.5.Монгол Улсад зохиогдох олон улс, дэлхий, тивийн болон үндэсний хэмжээний спортын тэмцээн, наадам зохион байгуулах талаар шийдвэр гаргах;
7.1.6.хуульд заасан бусад бүрэн эрх.
8 дугаар зүйл. Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
8.1.Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.1.1.биеийн тамир, спортын тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
8.1.2.биеийн тамир, спортын үндэсний бодлогыг боловсруулах;
8.1.3.биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжилтийг хангах;
8.1.4.биеийн тамир, спортын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх бодлого боловсруулах, биеийн тамир, спортын анагаах ухааныг хөгжүүлэх;
8.1.5.биеийн тамирыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аж төрөх ёс болгон хэвшүүлэх ажлыг зохион байгуулах;
8.1.6.бүх насны ангиллын биеийн тамир-чийрэгжүүлэлтийн нормативыг боловсруулан батлах;
/Энэ заалтыг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
8.1.7.улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах эрх олгох;
/Энэ заалтыг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
8.1.8.биеийн тамир, спортын улсын мэдээллийн санг бүрдүүлэх;
/Энэ заалтыг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
8.1.9.биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн магадлан итгэмжлэх үйл ажиллагааг зохион байгуулах;
/Энэ заалтыг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
8.1.10.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
/Энэ заалтын дугаарт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
8.2.Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь аймаг, нийслэл, дүүрэгт биеийн тамир, спортын хороо, суманд биеийн тамир, спортын орон тооны бус арга зүйчтэй байна.
/Энэ хэсгийг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
81 дүгээр зүйл. Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн магадлан итгэмжлэл
81.1.Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн магадлан итгэмжлэлийг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон байгууллага, шинжээч хэрэгжүүлнэ.
81.2.Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн магадлан итгэмжлэл хийх байгууллага, шинжээч нь биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлж байгаа өмчийн бүх хэлбэрийн байгууллагын үйл ажиллагааны түвшин, чанарт хөндлөнгийн мэргэжлийн шинжилгээ-үнэлгээ хийж дүгнэлт гаргана.
81.3.Магадлан итгэмжлэх, шинжээч ажиллуулах журам, магадлан шинжлэх шалгуур, үйлчилгээний төлбөрийн хэмжээ, холбогдох зардлын жишгийг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ зүйлийг 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
9 дүгээр зүйл./Энэ зүйлийг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
10 дугаар зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх
10.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга биеийн тамир, спортын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
10.1.1.нутаг дэвсгэртээ биеийн тамир, спортын хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;
10.1.2.тухайн нутаг дэвсгэрийн хүн ам, байгууллага, хамт олныг биеийн тамир, спортын арга хэмжээнд оролцуулах, түүнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсвийн төсөлд тусгах;
10.1.3.аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нь аймаг, нийслэл, дүүрэгт биеийн тамир, спортын хороог байгуулан ажиллуулах ба биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн тухайн биеийн тамир, спортын хорооны удирдлагыг томилж, чөлөөлөх;
/Энэ заалтад 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
10.1.4.сумын Засаг дарга нь биеийн тамир, спортын орон тооны бус арга зүйчийг гэрээ байгуулан ажиллуулах, чөлөөлөх;
10.1.5.хүн амын дунд биеийн тамирын хөдөлгөөн өрнүүлэх, спортыг хөгжүүлэх хөтөлбөр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах;
10.1.6.нутаг дэвсгэртээ биеийн тамир, спортын материаллаг бааз, боловсон хүчний чадавхийг сайжруулах арга хэмжээ авах, орон нутгийн онцлогт тохирсон спортын төрлүүдийг түлхүү хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх;
10.1.7.биеийн тамир, спортын төрлүүдийг хөгжүүлэх чиглэлээр биеийн тамир, спортын холбоо болон бусад байгууллагатай хамтран ажиллах;
10.1.8.тухайн аймаг, нийслэлийн дүүрэг дэх биеийн тамир, спортын байгууламжийн 10-аас доошгүй хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэний онцлогт тохируулан тоноглох, түүнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсвийн төсөлд тусгах.
/Энэ заалтыг 2007 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Биеийн тамир
11 дүгээр зүйл. Боловсролын байгууллага дахь биеийн тамир
11.1.Бүх шатны боловсролын байгууллага нь хичээлийн агуулга, төлөвлөгөөндөө биеийн тамирын хичээлийг оруулна. Биеийн тамирын хичээлийн хугацааг боловсролын стандартаар тогтооно.
11.2.Бие бялдрын хувьд сул, эрүүл мэндийн магадлагаатай суралцагсдад тэдний бие бялдарт тохирсон тусгай хөтөлбөрийн дагуу биеийн тамирын хичээлийг заана.
11.3.Бүх шатны боловсролын байгууллага нь биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилгоор дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
11.3.1.хичээлээс гадуурх биеийн тамир, спортын сургалтын ажлыг секц, дугуйлангийн хэлбэрээр зохион байгуулж, энэ арга хэмжээнд зориулсан хөрөнгийг жил бүрийн төсөвтөө тусгах;
11.3.2.оюутан, сурагчдын дунд төрөл бүрийн тэмцээн, наадам зохиох, тэднийг улс, аймаг, нийслэл, бүс нутгийн болон сум, дүүргийн тэмцээнд оролцоход туслалцаа үзүүлэх;
11.3.3.биеийн тамир, спортыг хөгжүүлэх хөтөлбөр гарган хэрэгжүүлэх.
12 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллага дахь биеийн тамир
12.1.Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага нь зохион байгуулалт, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр ажиллагчдыг биеийн тамираар хичээллүүлэх зорилгоор дор дурдсан арга хэмжээг хөдөлмөрийн болон хамтын гэрээнд тусган хэрэгжүүлнэ:
12.1.1.ажиллагчдын биеийн тамир, спортоор хичээллэх бололцоог ханган, биеийн тамир, спортын тэмцээн зохион байгуулах;
12.1.2.өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа биеийн тамир, спортын байгууламж, тоног төхөөрөмж, хэрэгслийг ашиглуулах, шаардлагатай тохиолдолд биеийн тамир, спортын байгууллагын ажилтан ажиллуулж зохих цалин хөлс, урамшуулал олгох;
12.1.3.байгууллага, хамт олны ажил мэргэжлийн онцлогтой уялдуулан биеийн тамираар хичээллэх хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх;
12.1.4.ажиллагчдын ажиллах чадавхи, эрүүл мэнд, бие бялдрын түвшинд үнэлгээ өгч, түүнийг сайжруулах арга хэмжээ авах.
12.2.Аж ахуйн нэгж, байгууллага нь биеийн тамир, спортын арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг жил бүр төлөвлөн санхүүжүүлж байна.
12.3.Амралт, сувиллын байгууллага, хүүхдийн зуслан нь биеийн тамир, спортын байгууламж, тоног төхөөрөмжтэй байж, биеийн тамир-чийрэгжүүлэлтийн ажлыг биеийн тамир, спортын байгууллагын ажилтны оролцоотойгоор зохион байгуулна.
13 дугаар зүйл. Гэр бүл дэх биеийн тамир
13.1.Гэр бүлийн гишүүд эрүүл мэндээ хамгаалах зорилгоор биеийн тамираар хичээллэж, хүн амын дунд зохиож буй биеийн тамирын арга хэмжээнд идэвхтэй оролцоно.
13.2.Эцэг, эх нь хүүхдийг биеийн тамираар бие даан хичээллэх нөхцөл, бололцоогоор хангах журамт үүрэгтэй.
14 дүгээр зүйл. Зэвсэгт хүчин, хууль сахиулах байгууллага дахь биеийн тамир, спорт
14.1.Монгол Улсын зэвсэгт хүчин, цагдаа, тагнуул, гамшгаас хамгаалах болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, хилийн цэргийн биеийн тамир, спорт нь цэргийн сургалт, бие бүрэлдэхүүний хүмүүжил, бэлэн байдлын салшгүй хэсэг болно.
14.2.Бие бүрэлдэхүүний биеийн тамир, спортын арга хэмжээг зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар хангах үйл ажиллагааг тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.
/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
14.3.Энэ хуулийн 14.1-д дурдсан байгууллагад биеийн тамир, спортын арга хэмжээ зохион явуулах салбар нэгж байгуулж болно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Спорт
15 дугаар зүйл. Тамирчны эрх, үүрэг, үйл ажиллагааны зохион байгуулалт
15.1.Тамирчин дор дурдсан эрх эдэлнэ:
15.1.1.тэмцээнд оролцох үедээ зохих журмын дагуу биеийн тамир, спортын барилга байгууламж, техник хэрэгсэл, эрүүл мэндийн үйлчилгээ, байр, хоолоор хангагдах;
15.1.2.тэмцээнд бэлтгэх, оролцох хугацаанд үндсэн ажил, сургуулиас санхүү, эдийн засгийн болон биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу чөлөөлөгдөх;
15.1.3.Монгол Улсын хууль тогтоомжид заасан бусад хөнгөлөлт, баталгаа, урамшууллыг эдлэх.
15.2.Тамирчин дор дурдсан үүрэг хүлээнэ:
15.2.1.өөрийн улс, харьяа биеийн тамир, спортын байгууллагыг олон улс, улс, орон нутгийн тэмцээнд нэр хүндтэйгээр төлөөлөн оролцох;
15.2.2.эх оронч үзэлтэй байж, тамирчны ёс зүйн хэм хэмжээ, эрүүл ахуйн шаардлагыг сахиж, спортын болон олимпийн хөдөлгөөний мэдлэг эзэмших;
15.2.3.спортын шударга өрсөлдөөнийг эрхэмлэх;
15.2.4.биеийн тамир, спортыг идэвхитэй сурталчлагч байх;
15.2.5.биеийн тамир, спортод хориглосон эм, сэргээш болон хориотой мэх, арга барил хэрэглэхгүй, хүний нэр төрийг гутаан доромжлохгүй, эрүүл мэндэд хортой эм, сэргээш худалдахгүй байх.
15.3.Тамирчны үйл ажиллагаа нь өөрийн харьяалагддаг байгууллагын удирдлагатай байгуулсан гэрээгээр тодорхойлогдоно. Тамирчны ур чадварын түвшнээс хамаарч тухайн тамирчинтай контракт байгуулан ажиллаж болно.
15.4.Тамирчны үйл ажиллагааны гэрээг бичгээр байгуулна.
15.5.Тамирчны үйл ажиллагааны гэрээнд оролцогч талуудын эрх, үүрэг, тэмцээнд бэлтгэх, оролцох нөхцөл, хөдөлмөрийн хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, тамирчин өөр клуб, багт шилжих, гэрээг сунгах, дуусгавар болгох болон харилцан тохиролцсон бусад нөхцөлийг тусгана.
15.6.Тамирчны үйл ажиллагааны гэрээний талаар энэ хуулийн 15.5-д заасан шаардлага нь дасгалжуулагчтай байгуулах гэрээнд нэгэн адил хамаарна.
16 дугаар зүйл. Улс, олон улс, бүс нутаг, аймгийн тэмцээн, наадам
16.1.Монголын хүүхдийн, оюутны, үндэсний, бүх ард түмний спортын их наадмыг дөрвөн жил тутам тус тус зохион байгуулна.
16.2.Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах байгууллага нь тэмцээн зохион байгуулах арга хэмжээний хуваарь, зааврын төслийг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тэмцээний өмнөх жилийн тавдугаар сард багтаан ирүүлнэ.
/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
16.3.Үндэсний хэмжээний болон Монгол Улсад олон улсын хэмжээний тэмцээн, уралдаан, наадмыг зохион байгуулах, санхүүжүүлэхтэй холбогдсон журмыг санхүү, төсвийн болон биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
/Энэ хэсгийг 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
16.4.Үндэсний их баяр наадам, түүнийг зохион байгуулахтай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.
17 дугаар зүйл. Спортын цол, зэрэг
17.1.Спортын төрөл, цол, зэргийн нэгдсэн ангилал /цаашид "цол, зэргийн нэгдсэн ангилал" гэх/ тогтоох болон цол, зэрэг олгох журмыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
17.2.Цол, зэргийн нэгдсэн ангиллын болзлыг биелүүлсэн тамирчинд спортын цол, зэргийг энэ хуулийн 17.1-д заасан журмын дагуу олгоно.
17.3.Цол, зэргийн нэгдсэн ангиллын болзлыг биелүүлсэн тамирчин, шүүгчдэд тухайн орон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж мөнгөн урамшуулал олгож болно.
17.4.Спортын мастер, олон улсын хэмжээний мастер цол хүртсэн тамирчинд харьяа байгууллага нь цолны нэмэгдэл хөлсийг сар бүр өөрсдөө тогтоон олгож болно.
18 дугаар зүйл. Үндэсний шигшээ баг
18.1.Үндэсний шигшээ багийн тогтолцоо нь насанд хүрэгчдийн үндэсний шигшээ, залуучуудын, оюутны, өсвөр үеийн шигшээ багаас бүрдэнэ.
18.2.Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийг олон улсын олимпийн хорооны ивээл дор явагдаж байгаа болон олон улсын шинжтэй тэмцээнд Монгол Улсыг төлөөлж оролцох тамирчдыг бэлтгэх зорилгоор биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын харьяанд байгуулна. Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн тамирчин нь биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай тамирчны үйл ажиллагааны гэрээ байгуулан ажиллана.
/Энэ заалтад 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
18.3.Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, тамирчдыг сонгон шалгаруулах журмыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
/Энэ заалтад 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
18.4.Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг сонгон шалгаруулалт зарлан шалгаруулах бөгөөд биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай байгуулсан гэрээний биелэлтээр ажлыг нь дүгнэнэ. Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн сонгон шалгаруулах журмыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
/Энэ заалтад 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
18.5.Залуучуудын шигшээ багийг спортын зургаагаас доошгүй төрлөөр зохион байгуулах бөгөөд үйл ажиллагаандаа энэ хуулийн 18.2-18.4 дэх хэсгийг баримтална.
18.6.Оюутны шигшээ багийг спортын зургаагаас доошгүй төрлөөр нийслэлийн Засаг даргын дэргэд байгуулна.
18.7.Оюутны шигшээ багийн тамирчны сургалтын болон оюутны байрны төлбөрийг төр хариуцах бөгөөд залуучуудын шигшээ багийн тамирчинтай ижил хэмжээгээр цалинжина.
18.8.Өсвөр үеийн шигшээ багийг наймаас доошгүй төрлөөр аймаг, дүүрэгт аймаг, нийслэлийн Засаг дарга зохион байгуулна.
18.9.Аймаг, нийслэлийн Засаг дарга нь өсвөр үеийн шигшээ багийн хичээл, сургуулийг спортын хэрэглэл, материалаар иж бүрэн хангах, шигшээ багийн багш, дасгалжуулагчийн орон тоог тогтоох, тамирчин сурагчдыг спортын хувцсаар хангах асуудлыг шийдвэрлэж, цалинжуулна.
18.10.Өсвөр үеийн шигшээ багийг бүрдүүлэн ажиллуулах журмыг аймаг, нийслэлийн Засаг дарга, оюутны шигшээ багийг бүрдүүлэн ажиллуулах журмыг нийслэлийн Засаг дарга тус тус батална.
18.11.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бүрдсэн насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багтай байж болно. Багийг бүрдүүлэх, тамирчдыг сонгон шалгаруулахад Биеийн тамир, спортын тухай хуулийн 18.2-18.4 дэх заалт хамаарна.
/Энэ хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/
19 дүгээр зүйл. Мэргэжлийн спорт
19.1.Мэргэжлийн спортын зохион байгуулалтын бүтэц нь тухайн спортын төрлийн онцлогоор тодорхойлогдох бөгөөд мэргэжлийн спортын байгууллага, тамирчдын үйл ажиллагаанаас бүрдэнэ.
19.2.Мэргэжлийн тамирчдын үйл ажиллагаа нь мэргэжлийн спортын байгууллагатай байгуулсан контрактаар тодорхойлогдоно.
ТАВДУГААР БҮЛЭГ
Эдийн засгийн харилцаа
20 дугаар зүйл. Биеийн тамир, спортын санхүүжилт
20.1.Биеийн тамир, спортын арга хэмжээг хэвийн явуулахад шаардагдах хэмжээний төсвийг Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.
20.2.Биеийн тамир, спортын зардлыг улсын болон орон нутгийн төсөвт бие даасан зүйл болгон батална.
20.3.Энэ хуулийн 7.1.2, 7.1.3, 7.1.4, 8.1.6-8.1.9, 16.1, 16.3, 18.5-д заасан үйл ажиллагааг улсын төсвөөс, 10.1.2, 10.1.4, 10.1.5, 18.7, 18.9-т заасан үйл ажиллагааг орон нутгийн төсвөөс, бусад үйл ажиллагааг аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын хорооны өөрийн үйл ажиллагааны орлогоос санхүүжүүлнэ.
/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.4.Аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын хорооны өөрийн үйл ажиллагааны орлогын хэмжээтэй холбогдуулан улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх хөрөнгийн хэмжээг багасгаж болохгүй.
/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.5.Олон нийтийн үүсгэл санаачлагаар "Биеийн тамир, спортыг хөгжүүлэх сан" байгуулж болно.
20.6.Нийтийн биеийн тамирын үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага нь ашгийн төлөө бус байна.
21 дүгээр зүйл. Биеийн тамир, спортын барилга, байгууламжийг өмчлөх, эзэмших, ашиглах
21.1.Биеийн тамир, спортын барилга байгууламж нь бүх төрлийн өмчийн байж болно.
21.2.Бүх шатны боловсролын байгууллагын барилгыг биеийн тамир, спортын байгууламжгүй барих, ашиглалтад хүлээн авах, төрийн өмчлөлд байгаа биеийн тамир, спортын байгууламжийг адил байгууламж барихгүйгээр буулгахыг хориглоно.
21.3.Хот байгуулалтын баримт бичгийг боловсруулахдаа иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн биеийн тамир, спортын байгууламжийг зохистой хүрээнд барихаар тусгана.
21.4.Биеийн тамир, спортын байгууламжийг сургуулийн өмнөх насны хүүхэд, сурагчид, оюутан, тахир дутуу иргэд, ахмадуудад ашиглуулахдаа тухайн байгууллага нь хөнгөлөлт үзүүлнэ.
21.5.Биеийн тамир, спортын арга хэмжээ зохион байгуулахдаа тухайн барилга байгууламжийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангах, иргэдийн эрүүл мэнд, нэр төр, алдар хүндэд гэм хор учруулах, харгис хэрцгий байдал, хүчирхийллийн илэрхийлэл үүсэхээс урьдчилан сэргийлэх үүргийг барилга байгууламжийг эзэмшигч, ашиглагч болон тухайн арга хэмжээг зохион байгуулагчид хүлээнэ.
22 дугаар зүйл. Ажилтан, тамирчны нийгмийн баталгаа
22.1.Ажилтан дор дурдсан нийгмийн баталгаагаар хангагдана:
22.1.1.хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн онцлог, гүйцэтгэсэн хөдөлмөрийнхөө чанар, хэмжээнд тохирсон цалин, нэмэгдэл хөлс, нөхөн олговор, тусламж, шагнал, урамшуулал авах;
22.1.2.орон нутгийн онцлогийг харгалзан нутгийн захиргааны байгууллага болон аж ахуйн нэгж, байгууллагаас нэмэгдэл цалин, урамшуулал, бусад дэмжлэг авах.
22.2.Тамирчин дор дурдсан нийгмийн баталгаагаар хангагдана:
22.2.1.тамирчин олимпийн наадам, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн болон улсын аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт үзүүлбэл Засгийн газраас мөнгөн шагнал болон бусад байгууллагын урамшуулал авах;
/Энэ хэсэгт 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
22.2.2.үндэсний шигшээ багийн тамирчин цалин хөлс авах. Энэ заалт дасгалжуулагчид хамаарна;
22.2.3.тэмцээнд оролцох явцад эрүүл мэнд нь хохирсон тохиолдолд эмчлүүлэх зардлыг хөдөлмөрийн гэрээний дагуу тамирчны харьяалагдах байгууллага гаргах.
23 дугаар зүйл. Гадаадын иргэн, харьяалалгүй хүний биеийн тамир, спортын эрх
23.1.Хуульд өөрөөр заагаагүй бол гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын харьяат иргэн болсноор Монгол Улсын нэрийн өмнөөс олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, олимпийн наадамд оролцох эрх эдэлнэ.
23.2.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн нь Монгол Улсын хэмжээнд зохиогдож буй тэмцээнд зохих журмын дагуу оролцож болно.
23.3.Мэргэжлийн болон өндөр зэрэглэлийн гадаадын тамирчин, дасгалжуулагчийг биеийн тамир, спортын байгууллага гэрээгээр ажиллуулж болох бөгөөд энэ харилцаа нь олон улсын спортын байгууллагаас гаргасан дүрэм, журам, зааварт нийцсэн байна.
24 дүгээр зүйл. Биеийн тамир, спортын тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
24.1.Биеийн тамир, спортын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дор дурдсан захиргааны шийтгэлийг хууль тогтоомжоор тусгайлан эрх олгосон улсын байцаагч болон шүүгч ногдуулна:
24.1.1.энэ хуулийн 11.1-ийг зөрчсөн албан тушаалтныг 40000-60000, байгууллагыг 150000-200000 төгрөгөөр торгох;
24.1.2.энэ хуулийн 12.1-ийг зөрчсөн албан тушаалтныг 30000-50000, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-150000 төгрөгөөр торгох;
24.1.3.энэ хуулийн 15.2.5-ыг зөрчсөн тамирчныг 30000-50000 төгрөгөөр торгож, спортын тэмцээнд оролцох эрхийг хасах эсэх асуудлыг зохих спортын холбооны дүрмээр зохицуулах;
24.1.4.энэ хуулийн 21.2, 21.5-ыг зөрчсөн албан тушаалтныг 40000-60000, аж ахуйн нэгж, байгууллагыг 200000-250000 төгрөгөөр торгох.
24.2.Биеийн тамир, спортын албан ёсны бэлтгэл, сургуулилт, тэмцээний явцад иргэний эрүүл мэндэд учруулсан гэм хорыг холбогдох хууль тогтоомжийн дагуу гэм буруутай этгээд арилгана.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР