​БАЙТ ХАРВААНЫ ОЮУТНЫ ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ МОНГОЛЫН ТАМИРЧДЫН НЭРС ТОДОРЛОО



Дэлхийн оюутны аварга шалгаруулах байт харвааны 11 дүгээр тэмцээн 2016 оны 06 дугаар сарын 01-06-ны өдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо, рекурв болон компаундын ганцаарчилсан, баг, холимог хосын төрлөөр зохион байгуулагдана.

Монголын байт харвааны холбоо тус тэмцээнд оролцох оюутны шигшээ багийн тамирчдыг 2 үе шаттай сонгон шалгаруулалтыг явуулж нэрсийг тодрууллаа. Манай шигшээ багийн бүрэлдэхүүний багийн ахлагчаар үндэсний шигшээ багийн албаны дарга Ч.Эрдэнэтуяа, багийн дасгалжуулагчаар Ю.Ганзориг, Ж.Нарантуяа, Т.Цогтбаяр, П.Жамъянгомбо нар ажиллана. Тамирчдын бүрэлдэхүүнд Б.Отгонболд, Б.Нармандах, Б.Адъяасүрэн, Ч.Оюунтунгалаг, Н.Ариунбилэг, Ж.Дагийжанчив нар рекурвын 70 метрийн төрөлд, харин компаундын төрлийн тамирчдын бүрэлдэхүүнд Ж.Тулга, Ж.Содномпил, Ч.Амарбат, Б.Батдулам, Б.Оюун-эрдэнэ, Т.Гончигсүрэн нар дэлхийн оюутны аварга шалгаруулах байт харвааны 11 дүгээр тэмцээнд оролцож цэц мэргэнээ сорихоор шалгараад байна.

Монголын баг тамирчид 1996 онд Франц улсад болсон ДОАШТ, 2002 онд Тайланд улсад болсон ДОАШТ, 2008 онд Тайваньд болсон ДОАШТ тус тус оролцож байсан юм.

Энэ удаагийн ДОАШТ-ний багийн бүрэлдэхүүнд орсон тамирчид нь 2012 онд Испани улсад болсон ДОАШТ, 2014 онд Польшийн ДОАШТ, 2015 онд БНСУ-ын Гванжу хотноо болсон Дэлхийн оюутны 28-р Универсиад наадамд оролцсон тамирчид юм.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО