​БАЙТ ХАРВААНЫ ОЮУТНЫ ДЭЛХИЙН АВАРГА МОНГОЛД БОЛНО


Тэмцээний эрх авсан тухай

Олон улсын оюутны спортын холбооны (ОУОСХ) Гүйцэтгэх хорооны Бельги улсын Брюссель хотноо 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр явагдсан хурлаар буюу 5 жилийн өмнө Дэлхийн оюутны аварга шалгаруулах байт харвааны 11 дах удаагийн тэмцээнийг Монгол улсын Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийг олгосон. Энэ эрхийн төлөө Бельги, Польш улсууд өрсөлдөж байсан юм. Тус тэмцээний эрхийг авахад Эрүүл мэндийн болон Сангийн яамнаас санхүүгийн баталгаа гарган дэмжлэг үзүүлсэн билээ.

Тэмцээний хугацаа, болох газар ба оролцох орнууд

Энэхүү тэмцээн нь 2016 оны 6 дугаар сарын 1-5-нд Улаанбаатар хотноо Төв цэнгэлдэх хүрээлэн болон шигшээ харваа Чингисийн талбайд явагдахаар төлөвлөгдөж байна. Тэмцээнд Австрали, АНУ, Аргентин, Бельги, Герман, Итали, Их Британи, Малайз, Монгол, Мексик, Коста-Рика, ОХУ, Өмнөд Солонгос, Польш, Сингапур, Словак, Финланд, Франц, Хятадын Тайвань, Чех, Швед, Швейцар, Энэтхэг, Япон зэрэг 24 орны их, дээд сургуулийн өдрийн ангид суралцдаг 17-28 насны 250 орчим төлөөлөгчид, оюутан тамирчид оролцохоор мэдүүлгээ өгсөн.

Тэмцээнийг олон улсын байгууллагын хүмүүс ирж удирдана

Тэмцээнийг ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүн, Хятадын Тайваны иргэн Чен Тай Чен ирж удирдахаар олон улсын байгууллагаас томилогдсон юм. Мөн ОУОСХ-ны байт харвааны техникийн комиссыг Испаний иргэн, Олимпийн аварга Хуан Карлос, мандатыг комиссыг БНХАУ-ын иргэн Донг Шианхуа, эмнэлгийн комиссыг БНСУ-ын иргэн Вэнг Линг Эй нар ирж удирдана. ОУОСХ-ны нарийн бичгийн дарга нарын газраас 1 ажилтан, 2 хэвлэлийн төлөөлөгч Улаанбаатар хоноо ирнэ.

Тэмцээнийг Олон улсын байт харвааны холбооны олон улсын 4 шүүгч (Испани, Бразил, Энэтхэг, Сингапур ) ирж талбай дээрх техникийн үйл ажиллагааг удирдах ба Итали улсын 2 техникийн ажилтан тэмцээний оноолт, дүнгийн системийг ажиллуулахаар болжээ. Дотоодын 25-30 шүүгч тэмцээн дээр туслан гүйцэтгэгчээр ажиллана. Мөн олон улсын 10 гаруй сэтгүүлч нар тэмцээний үеэд ирж энэ тэмцээнийг олон улсад сурталчилна.

Монголд байт харвааны төрлөөр анхны дэлхийн аваргын тэмцээн болно

Монголчууд бид эртнээс сур харваагаар хичээллэн, өрсөлдөж, энэ спорт нь эрийн гурван наадмын нэг төрөл болон хөгжиж ирсэн эртний түүхийн уламжлалтай билээ. Үндэсний сурын спорт дээр тулгуурлан манай оронд байт харвааны спорт хөгжөөд 60 орчим жил болж байна. Монгол улсаас олимпийн спортын энэ төрлөөс 1971 онд анх удаагаа эмэгтэй харваач Д.Дэмбэрэл Английн Лондон хотноо 30 метрийн харваанд “дэлхийн аварга”гэсэн цолыг энэ спортын төрлөөс хүртсэн түүхтэй. Түүнчлэн 2008 оны Бээжингийн Пара олимпийн их наадамд Д.Баатаржав анхны аварга тамирчин болсон. Ийнхүү манай оронд байт харвааны анхны дэлхийн аваргын тодотголтой тэмцээн 2016 онд болох гэж байна.

Тэмцээний таних тэмдэг

ОУОСХ-ны ивээл дор зохион байгуулагдаж буй аливаа оюутны спортын арга хэмжээний таних тэмдэг нь заавал “U”үсгийг зайлшгүй багтаан оруулсан байдаг уламжлалтай. Тиймээс энэ удаагийн тэмцээний таних тэмдэг нь ОУОСХ-ны шаардлагыг хангасан нэгдсэн логоны дагуу University–ийн “U” багтаан хийгдсэн. Монголд болж байгаа тэмцээний таних тэмдэг нь байт харвааны бай болон сумыг өөртөө багтаан оруулсан. Мөн “Archery буюу байт харваа гэсэн үгийг оруулж”, “2016 он”, “Ulaanbaatar”,“Mongolia” гэсэн болох газрын нэрийг заан оруулж “FISU World University Championship”гэж зохион байгуулж байгаа олон улсын байгууллагын францаар товчилсон нэрийн бичлэг болон ОУОСХ-ны брэнд болсон 5-н таван хошууг оруулж босоо тэгш өнцөгт хэлбэртэй хийсэн.

Байт харвааны оюутны дэлхийн аваргын тэмцээний түүх

Дэлхийн Оюутны аварга шалгаруулах Байт харвааны тэмцээн анх 1996 онд Франц улсад зохиогдож ОУОСХолбооны төлөвлөгөөний дагуу 2 жил тутамд өнөөдрийг хүртэл нийт 10 удаа зохиогдож ирсэн 20 жилийн түүүхтэй тэмцээн юм. Энэ тэмцээн зохиогдож байсан хугацаа, орон, хот, оролцсон орон, хүмүүсийн тоог доорх хүснэгтээс харна уу.



Монголын тэмцээнээс хамгийн сүүлчийн оюутны дэлхийн аварга болно

Манай эх оронд зохиогдох энэхүү тэмцээн нь хамгийн сүүлчийн оюутны ДАШТэмцээн юм. Учир нь байт харвааны төрөл 2017 оноос эхлэн дэлхийн оюутны спортын “Универсиад” их наадмын үндсэн төрөлд орно. Тиймээс дахин ОУОСХ-ноос оюутны байт харвааны дэлхийн аваргын тэмцээнийг 2 жил тутамд зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэсэн байна. ОУОСХ нь Универсиадын үндсэн төрөлд орсон спортын төрлөөр дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаггүй дүрэмтэй юм.

Тэмцээний нээлт, хаалтын ёслолын ажиллагаа

Энэ удаагийн оюуны ДАШТ-ний үйл ажиллагаа, нээлт нь 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 16:00 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Нээлтийн үеэр Эрхийн мэргэн харваачийн үлгэрчилсэн домогт тулгуурласан Монгол улсын соёлын өв, уламжлалыг харуулсан үзүүлбэрүүд, үндэсний сур харваа, дуу болон хөгжимийн тоглолтууд болно.

Харин тэмцэний гол онцлог бол шигшээ харваа, шагнал гардуулах хаалтын арга хэмжээг Улаанбаатар хотын төв Чингисийн талбайд Нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж олон үзэгчдийг хамруулах болно.

Тэмцээний зохион байгуулах хороог Шадар сайд удирдаж байна

Тэмцээний зохион байгуулах хороог Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар удирдан ажиллаж байна. ЗБХороонд ЭМСЯ, БСШУЯ, НЗДТГазар, МОСХолбоо, Байт харвааны холбоо зэрэг олон газрын төлөөлөл орж, тэмцээний ажлын хэсэг Спортын төв ордонд байнгын үйл ажиллагаа явуулж байна.

Монголчууд байт харвааны оюутны дэлхийн аваргад

Монголын оюутны спортын холбоо өөрийн оюутан тамирчидаа анх удаа 1996 онд Франц улсын Валулх-Эн-Вэлин хотноо зохиогдсон оюутны ДАШТ-д тамирчин Ю.Нямдорж, дасгалжуулагч С.Туул нарын 2 хүнийг оролцуулж байсан түүхтэй. Түүнчлэн манай тамирчид Тайландад 2002, Хятадын Тайваньд 2008, Испанид 2012, Польшид 2014 онд 5 удаа оролцсонтүүхтэй юм.

Монголын тамирчид 2012 оны Испани улсын Гордоба хотод зохион байгуулагдсан Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бүтэн багаараа оролцож хувийн шигшээ харваанд ОУХМ А.Энхтуяа 9-р байранд шалгарсан ба 2014 онд Польшийн Легница хотноо болсон тэмцээний рекурв харвааны холимог хосын төрөлд шагналт 4 байрт оролцож байсан амжилтыг үзүүлсэн. Түүнээс гадна Монголын байт харвааны тамирчид дэлхийн оюутны Универсиад наадамд БНСУ-ын Дэгүд 2003, Гванжу хотноо 2015 онд хувийн болон багийн төрөлд амжилттай оролцон шилдэг 16 тамирчинд орж байлаа.

Улаанбаатарын тэмцээн хэдэн төрөлд болох вэ?

Улаанбаатар хотноо болох дэлхийн оюутны аварга шалгаруулах байт харвааны 11 дүгээр тэмцээн нь Компаунд болон Рекурв хоёр төрөлд болно. Төрөл бүр нь: Ганцаарчилсан, баг, холимог хосын тэмцээний төрлүүдээс бүрдэж байна. Иймээс дөрвөн өдрийн туршид үргэлжилэх энэ тэмцээнд 60 медаль олгогдоно.

Тэмцээний онцлог тал

Монгол улсад дэлхийн хэмжээний байт харвааны тэмцээн анх удаагаа болж байгаагаараа энэ тэмцээн чухал онцлоготой. Монгол улсын үндэсний уламжлалт сурын спортыг дэлхий нийтийн орчин үеийн байт харвааны спорттой холбон хөгжүүлж, сурталчилах ажил явууулахаараа бас нэгэн чухал ач холбогдолтой болж байна. Тэмцээний шигшээ харваа олон нийтэд нээлттэй анх удаагаа Чингисийн талбайд явуулахаараа онцлог гэж зохион байгуулагч нар үзэж байна. Манай эх оронд зохиогдож байгаа энэхүү тэмцээн нь хамгийн сүүлчийн оюутны ДАШТэмцээн гэдгээрээ бас нэг онцлог нь илэрч байна. Мөн РИО- 2016 олимпоос яг 2 сарын өмнө зохиогдож байгаа тул олимпын эрх авсан дэлхийн олон шилдэг залуу харваачид Улаанбаатарын дэвжээнд ирж онч мэргэнээ сориж Монголын үзэгчдийн мэлхийг мялаахаараа бас нэг онцлог болж байна.

Монголд оюутны 4 дэх дэлхийн аварга болно

Монголын оюутны спортын холбоо өөрийн эх орондоо 2002 онд шатрын 7 дугаар оюутны ДАШТэмцээн, 2006 онд 7 дугаар чөлөөт бөх, сонгомол бөхийн оюутны ДАШТ, 2010 онд оюутны боксын 4 дүгээр ДАШТэмцээнүүдийг тус тус амжилттай зохион явуулж, олон улсын байгууллагуудаас өндөр үнэлэлт авсан арвин туршлагатай байгууллага юм. Энэ удаагийн байт харвааны оюутны ДАШТ нь Монгол улсад болж байгаа дөрөв дэх оюутны ДАШТэмцээн гэдгээрээ ба нэг чухал онцлоготой болж байна.

Монголын байт харвааны холбоо нь 2013 онд Улаанбаатар хотноо Азийн
Гран-При тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулсан бөгөөд тус тэмцээнээс Монголын эрэгтэй баг тамирчид алтан медаль, холимог баг мөнгөн медаль хүртэж нийт 3 алт, 2 мөнгөн медаль хүртэж сайхан амжилт гаргаж байсан юм.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО