​Алматагийн Универсиадад Монголын тамирчид оролцоно.


Казахстаны Алмата хотноо болох Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд Монгол улсаас цанын 6 тамирчин / эр-3 тамирчин Б.Ачбадрах, У.Батжаргал, Б.Амарсанаа, эм-3 тамирчин Б.Дэлгэрмаа, Ч.Отгонцэцэг, А.Энхтуул нар/ “Алатау” цогцолборт болох гүйлтийн цанын тэмцээнд оролцоно. Алатау спортын төв нь биатлон, цанад зориулсан 47 га газар эзэлсэн байгууламж ба Алмата мужийн Талагар дүүрэгт 1470-1540 метрт өргөгдсөн хэсэгт байрласан бөгөөд 2010 онд Азийн өвлийн наадмын өмнө баригдсан юм. Цана биатлоны 10 км, 5 км хоёр үндсэн замтай ба буудлагын зориулалтын тир, үзэгчдийн стадионтой юм. Манай цанын тамирчид багийн буухиа төрөл, бусад бүх зайд оролцоно. Нэг хүн наадмын туршид 4 зайн уралдаанд орно.


Тэшүүрийн тэмцээн Тянь Шань ууланд орших “Медео” цогцолборт болох ба манайхаас 4 тамирчин /эр 3 хүн М.Мөнх-од, Я.Зоригтбаатар, Б.Тулга нар эм 1 тамирчин А.Зул орно / нийтдээ 10 тамирчин явахаар болсон. Тэшүүрийн эрэгтэй тамирчид 500, 100, 1500, 5000 метрийн зайд, эмэгтэй тамирчид 500, 1000, 1500, 3000 метрийн зайд оролцоно.
Монголын багийн ахлагчаар МОСХ-ны гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа, албаны хүнээр ЗГХА-БТСГ-ын мэргэжилтэн Х.Отгонбаатар, цанын дасгалжуулагчаар Ж.Халиунаа, тэшүүрийн дасгалжуулагчаар Ж.Долгорсүрэн нар багийн бүрэлдэхүүнд оролцоно. Баг тамирчид хотхонд байрлаж тэмцээн болох газар руу явна.


Тамирчдын хотхоноос “Медео” цогцолбор нь 35,5 км, “Алатау” цогцолбор нь 19,3 км зайтай оршдог. БСШУСЯам, ЗГХА-БТСГазар, МОСХолбоо, цана, тэшүүрийн холбооноос нь хамтран бэлтгэн туслаж, эдгээр 2 төрөлд баг тамирчидаа оролцуулж байна.Манай тамирчид бэлтгэлээ Хандгайт, Скай ресорт, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийж байна. Универсиадад амжилттай оролцуулан улмаар 2018 оны Пенчений өвлийн олимпод сонгон шалгаруулах талаар цана, тэшүүрийн холбоо, БТСГ-аас ихээхэн анхаарч байна. Универсиад наадам нь олимпийн өмнөх том сорилт болж байгаа юм. Энэ наадам нь өндөр чансаатай тул олимпийн эрхийн ахиу оноо өгөх юм.


Монголын баг тамирчид Өвлийн Универсиад наадамд анх 1991 оны Японы Саппоро хотоо анх эхлэн оролцож байсан бол түүнээс хойш 11 удаагийн өвлийн наадамд оролцсон түүхтэй. Амжилтын хувьд өвлийн олимптой төстэй өндөр амжилт гаргаж медаль авч чадаагүй ч гэсэн дэлхийн өвлийн спорт өндөр хөгжсөн орнуудтай адил энэхүү том наадамдаа тамирчдаа бэлтгэн оролцуулж амжилтыг нь сорьж байна.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО