АЗИ ТИВИЙН ОЮУТНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ 2021 ОНЫ ШАТРЫН ОНЛАЙН ТЭМЦЭЭН БОЛНО
Азийн оюутны спортын холбоо, Индонезийн оюутны спортын холбоо, Азийн шатрын холбоо хамтран Ази тивийн оюутны аварга шалгаруулах шатрын 2021 оны онлайн III тэмцээнийг 2021 оны 09 дүгээр сарын 2-12-нд Индонезийн Гунадарма хотноос удирдан зохион байгуулах гэж байна. Тэмцээнийг цар тахлын улмаас шалтгаалан цахим сайтаар явуулах заавар, удирдамж гарсан юм. Энэхүү тэмцээнд БНХАУ, Энэтхэг, Индонези, Иран, Казахстан, Малайз, Монгол, Оман, Саудын Араб, Сингапур, Шриланка, Тайланд, АНЭУ зэрэг 13 улсын эрэгтэй 50, эмэгтэй 41 шатарчин оролцохоор боллоо. Багийн төрөлд эдгээр багаас эрэгтэй 12, эмэгтэй 8-н улсын баг оролцоно. Ази тивийн шатрын оюутны аварга шалгаруулах 2021 оны онлайн III тэмцээнд манай улсаас Монголын оюутны спортын холбооны шатрын шигшээ баг болон Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, дэлхийн шатрын холбооны (ДШХ) мастер С.Ган-Од ахлагчтай баг орох ба бүрэлдэхүүнд нь эмэгтэйчүүдээс МУИС-ийн оюутан, ДШХ-ны дэд мастер Т.Номиндалай, МУИС-ийн оюутан, ДШХ-ны мастер Б. Отгонсувд, эрэгтэйчүүдээс МУИС-ийн оюутан, ОУМ Ү.Агьбилэг, Хүмүүнлэгийн ИС-ийн оюутан, ДШХ-ны мастер Г.Булганхан нарын 4 тамирчин, 1 дасгалжуулагч оролцоно. Багийн бүрэлдэхүүнд өнгөрсөн 2020 оны тэмцээнд оролцон хүрэл медаль хүртэж байсан Т.Номиндалай болон амжилттай тоглож байсан Ү.Агьбилэг нарын туршлагатай тамирчид оролцож байна. Эмэгтэй шатарчдын тэмцээн 2021 оны 09 сарын 2-5-нд, эрэгтэй тамирчдын тоглолт 09 сарын 9-12-нд рапид төрлөөр Швейцарь системээр 9-н өрөг тоглож дүнгээ гаргана. Тэмцээний техникийн төлөөлөгчөөр Филиппины иргэн, олон улсын шүүгч Касто Абуидо, ерөнхий шүүгчээр, АНЭУ-ын иргэн, олон улсын шүүгч Абдулрахам Махди нар болон бусад шүүгчийн бүрэлдэхүүн удирдан явуулна. Дашрамд дурдахад анхны оюутны Азийн АШТэмцээн нь 2015 онд БНХАУ-ын Бээжин хотноо зохиогдож манай улсаас хоёр баг оролцон, МУИС-ийн баг тамирчид багийн төрөлд хүрэл медаль хүртэж гараагаа амжилттай эхлэж байв. Өнгөрсөн 2020 оны 12 сард болсон Ази тивийн оюутны аварга шалгаруулах шатрын онлайн II тэмцээнд Монголын эрэгтэй 4, эмэгтэй 3 шатарчин орж, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалд 11 орны 37 шатарчид рапид төрлөөр швейцарь системээр есөн өрөг тоглосноос "Мон-Алтиус" БТДС-ийн оюутан, ДШХ-ны мастер Э. Хулан 7.7 оноогоор түрүүлж, тивийн анхны оюутны аварга болсон бол МУИС-ийн оюутан, ДШХ-ны дэд мастер Т.Номиндалай 7.0 оноогоор хүрэл медаль хүртэж байв. Мөн улс бүрийн хамгийн сайн тоглосон гурван оюутан шатарчны нийлбэр дүнгээр ДШХ-ны мастер Б.Ану ахлагчтай Монгол Улсын эмэгтэй багийн баг түрүүлж, Индонез болон Иран улсын оюутан баг, тамирчид удаалсан юм. Ази тивийн 2020 оны АШТ-д 13 орны 48 эрэгтэй оюутан шатарчинд оролцож, Мон-Алтиус БТДС-ийн оюутан, ДШХМ Э.Энхнар өрсөлдсөн 6,5 оноотой 3-р байр эзэлж амжилттай оролцож ирсэн билээ. Монголын оюутны шатрын баг тамирчдыг энэ удаагийн тэмцээнд оролцуулах ажлыг Монголын оюутны спортын холбоо, Монголын шатрын холбооны хамт олон зохион байгуулан оролцуулах бэлтгэл ажлыг хангаад байна.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО