Азийн оюутны спортын холбооны хурал эхлэхэд бэлэн болжээ.
Азийн оюутны спортын холбооны (АОСХ) Гүйцэтгэх хорооны гишүүдийн ээлжит хурал Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо анх удаагаа 2015 оны 05 сарын 22-25-нд “Цэцэг” зочид буудлын цогцолборт зохион байгуулагдах юм. Хуралд Ази тивээс БНХАУ, АНЭУ, БНСУ, Хятадын Тайвань, Хонгконг, Сингапур, Монгол, Иран, Япон, Тайланд, Казакстан, Тажикстан, Малайз зэрэг 20 орчим орны 40 –иод төлөөлөгч нар хүрэлцэн ирнэ. Азийн ОСХ-ны энэ удаагийн хурлаар 2016 онд болох АОСХ-ны Ерөнхий Ассамблейн хуралдаанаар хэлэлцэх тус холбооны дүрмийн өөрчлөлт, стратегийн төлөвлөгөө, хөгжлийн хэтийн төлөв зэрэг Ази тивд оюутны спортыг хөгжүүлэхтэй холбоотой бодлогын чухал олон асуудлыг авч хэлэлцэхээр тухайн хурлын хөтөлбөр, дараалалд тусгагдсан байна.
Хурлаар Ази тивд 2015 онд болох оюутны аварга шалгаруулах шатар (БНХАУ, Бээжин хот, 10 сард), Сагсан бөмбөг 3х3 (БНХАУ, Мүгдэн хот, 09 сард), Дугуй (БНСУ, Чангнуеонг хот, 6 сард), Футзалын тэмцээн (АНЭУ, Абу Даби, 12 сар), Олон улсын спортын удирдлагын сургалт семинар (БНСУ, Чеонан хот, 12 сар) зэргийг хэрхэн зохион байгуулахаар бэлтгэж байгаа явцын тайланг тухайн орны төлөөлөгчид хурлын үеэр ГХ-ны гишүүдэд танилцуулан үнэлгээ авах юм. Мөн 2014 онд Хятадын Тайваньд явагдсан сагсан бөмбөгийн V тэмцээний тайланг сонсоно. Түүнчлэн 2016 онд Ази тивд явагдахаар төлөвлөгдөж байгаа тэмцээнүүдийн хуваарийг батлан, зохион байгуулах улс орнуудын төлөөлөгчдийн тэмцээний тухай танилцуулга, санал хүсэлтийг сонсон шийдвэр гаргана. Монголын талаас 2016 онд Улаанбаатар хотноо Азийн оюутны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн VI дугаар тэмцээнийг зохион явуулах саналыг гаргахаар ЭМСЯам, МОСХолбоо, МҮСБХолбооноос бэлтгэж байна. Энэ хүрээнд Азийн ОСХ-ны хяналтын төлөөлөгчид 05 сарын 22-нд Хандгайт дах Сагсан бөмбөгийн спортын шинэ ордны үйл ажиллаагаатай танилцахаар төлөвлөсөн байна.
Монголд ирэх төлөөлөгчдийн дунд Азийн ОСХ-ны Ерөнхийлөгч, Олон улсын ОСХ-ны дэд Ерөнхийлөгч, БНХАУ-ын Боловсролын дэд сайд асан, БНХАУ-ын боловсролын нэртэй зүтгэлтэн, доктор Зан Шиншенг, ОУОСХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОХУ-ын ОСХ-ны Ерөнхийлөгч, Москва хотын БТС-ын их сургуулийн ТУЗ-ийн дарга, академич, доктор, профессор О.В. Матыцин, Европын ОСХ-ны ерөнхийлөгч, ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүн, Польш улсын иргэн Адам Розек, АОСХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүн, Арабын орнуудын ОСХ-ны Ерөнхийлөгч, АНЭУ-ын иргэн, доктор Омар Ал-Хай, ОУОСХолбоо болон Азийн ОСХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүн, олимпийн аварга, Японы иргэн Хисато Игараши, АОСХ-ны Аудитор, Олон улсын спортын ИДС-ийн холбооны Ерөнхийлөгч, Казакстаны Биеийн тамир, аялал жуулчлалын Академийн Ерөнхийлөгч Кайрат Закирьянов нарын зэрэг Ази тивийн олон орны нэр хүнд бүхий ИДС-ийн ректор, захирлууд, спортын зүтгэлтэнүүдийн бүрэлдэхүүнтэй хүмүүс оролцохоор нэрсээ ирүүлсэн.
Хурлын арга хэмжээний үеэр ОУОСХолбоо, АОСХ-ны удирдах хүмүүс ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба, ХАХНХ-ын сайд, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч С. Эрдэнэ, БСШУЯ-ны удирдлага, МОСХ-ны ерөнхийлөгч, ОУОСХ-ны Ерөнхий санхүүч Д.Баясгалан нартай уулзалт хийж, МУБИСургуульд зочлон “Универсиад танхим”-ын үйл ажиллагаатай танилцах, Монголын оюутны спортын “Универсиад-2015” наадмын нэгдсэн дүнгээр эхний 6 байрт шалгарсан ИДС-ийн хамт олонд шагнал гардуулах ёслолд оролцох, их дээд сургуулийн багш, оюутануудтай уулзалт, ярилцлага зохион Азийн оюутны спортын хөдөлгөөний талаар тэдэнд зориулан лекц унших бөгөөд Монголын ард түмний соёл ёс уламжлалтай танилцах зорилгоор “Чингисийн хүрээ” жуулчины баазад зочлохоор төлөвлөжээ.
Энэхүү Ази тивийн хэмжээний томоохон хурлын бэлтгэл ажлыг Монголын ОСХолбооноос эрхлэн явуулж, зочид, төлөөлөгчидөө хүлээн авахад бэлэн болжээ. Ийнхүү спортын нэр хүндтэй Азийн Оюутны спортын холбооны Гүйцэтгэх хорооны хурал нь Монгол улсад анх удаагаа зохиогдож байгаагаараа чухал онцлоготой бөгөөд манай улсын нэр хүндийг өргөх, эх орноо гадаадын олон орны төлөөлөгчидөд таниулах чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО