АЗИЙН ОЮУТНЫ СПОРТЫН ГҮЙЦЭТГЭХ ХОРООНЫ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Азийн оюутны спортын холбооны (АОСХ) Гүйцэтгэх хорооны гишүүдийн ээлжит хурал Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо анх удаагаа 2015 оны 05 сарын 22-25-ны өдрүүдэд “Цэцэг” зочид буудлын цогцолборт амжилттай зохион байгуулагдлаа. Хуралд Ази тивээс БНХАУ, АНЭУ, БНСУ, Хятадын Тайвань, Хонгконг, Сингапур, Монгол, Иран, Япон, Тайланд, Казакстан, Тажикстан, Малайз зэрэг 20 орчим орны 33–иод төлөөлөгч нар хүрэлцэн ирж оролцлоо. Азийн ОСХ-ны энэ удаагийн хурлаар 2016 онд болох АОСХ-ны Ерөнхий Ассамблейн хуралдаанаар хэлэлцэх тус холбооны дүрмийн өөрчлөлт, стратегийн төлөвлөгөө, хөгжлийн хэтийн төлөв зэрэг Ази тивд оюутны спортыг хөгжүүлэхтэй холбоотой бодлогын чухал олон асуудлыг авч хэлэлцэж шийдвэрээ гаргалаа.
Хурлаар Ази тивд 2015 онд болох оюутны аварга шалгаруулах тэмцээнүүд болох Бокс (Казахстан улс 05 сард ) шатар (БНХАУ, Бээжин хот, 10 сард), Сагсан бөмбөг 3х3 (БНХАУ, Мүгдэн хот, 09 сард), Дугуй (Япон улс Осока хот 6 сард), Футзалын тэмцээн (Казахстан улс Алма-Ата хот 9 сард), Олон улсын спортын удирдлагын сургалт семинар (БНСУ, Чеонан хот, 12 сар) зэргийг хэрхэн зохион байгуулахаар бэлтгэж байгаа явцын тайланг тухайн орны төлөөлөгчид хурлын үеэр ГХ-ны гишүүдэд танилцуулан үнэлгээ авлаа. Мөн 2014 онд Хятадын Тайваньд явагдсан сагсан бөмбөгийн V тэмцээний тайланг сонслоо.
Хурлаар 2016 онд Ази тивд явагдахаар төлөвлөгдөж байгаа тэмцээнүүдийн хуваарийг батлан, зохион байгуулах улс орнуудын төлөөлөгчдийн тэмцээний тухай танилцуулга, санал хүсэлтийг сонсон шийдвэр гаргалаа. 2016 оны Азийн оюутны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн VI дугаар тэмцээнийг Хятадын Тайвань улстай хүчтэй өрсөлдөж зохион явуулах эрхийг Монгол улс авлаа.
Хурлын арга хэмжээний үеэр ОУОСХолбоо, АОСХ-ны удирдах хүмүүс ХАХНХ-ын сайд, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч С. Эрдэнэ, Нийслэлийн ЗД-ын орлогч Ц.Энхцэнгэл, ЭМСЯ-ны төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Эрдэнэчимэг, МОСХ-ны ерөнхийлөгч, ОУОСХ-ны Ерөнхий санхүүч Д.Баясгалан нартай уулзалт хийж, МУБИСургуульд зочлон “Универсиад танхим”-ын үйл ажиллагаатай танилцаж, Монголын оюутны спортын “Универсиад-2015” их наадмын нэгдсэн дүнгээр эхний 6 байрт шалгарсан ИДС-ийн хамт олонд шагнал гардуулж, их дээд сургуулийн багш, оюутнуудтай уулзалт, ярилцлага хийж Азийн оюутны спортын хөдөлгөөний талаар БНСУ-ын иргэн Хан Бон Ён лекц уншсан юм.
Дараагийн Азийн оюутны спортын холбооны ГХ-ны ээлжит хурал БНСУ-ын Гванжу хотод 2015 оны 07 дугаар сард болох юм. Хурлын арга хэмжээг Монголын ОСХолбоо эрхлэн явуулж амжилттай зохион байгууллаа. Спортын нэр хүндтэй хурал Монгол улсад анх удаагаа зохиогдож байгаагаараа чухал онцлогтой болсон бөгөөд Монгол улс 2016 онд Азийн Оюутны аварга шалгаруулах Сагсан бөмбөгийн 6 дугаар тэмцээнийг зохион явуулах эрхийг олж авсан үр өгөөжтэй чухал ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөлөө.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО