Азийн оюутны дугуйн аваргын тэмцээн Солонгост дууслаа.
Азийн оюутны аварга шалгаруулах дугуйн анхдугаар тэмцээн БНСУ-ын Чан Неон хотноо 2015 оны 7 сарын 22-26-нд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд БНСУ-ын 2 баг, БНХАУ-ын 2 баг, Японы 2 баг, Монголын баг, Филлипины нийт 5 улсын 8 багийн 77 дугуйчид үндсэн 3 зайд уралдлаа.
Манай улсаас Монгол улсын Гавьяат тамирчин Ж. Өлзий-орших дасгалжуулагчтай, 6 тамирчины бүрэлдэхүүнтэй оюутны дугуйн шигшээ багийн тамирчид Монголын оюутны спортын холбооны нэр дээр уг тэмцээний замд уралдсан юм. Тэмцээний анхны өдрөөс эхлэн Монголын дугуйчид тэмцээнийг хошуучлаж эхэлсэн байна.
Тэмцээний анхны өдөр болсон “Критериум” 30 км уралдаанд 1 дүгээр байрыг БНСУ-ын оюутны шигшээ багийн тамирчин Мин Кеонг Миао 33'43"86 цагийн үзүүлэлтээр тэргүүн байр эзлэн алтан медаль хүртлээ. Хоёрдугаар байрыг Япон улсын Канояа багийн тамирчин Куроеда Саяа 33'44"98 барианд орж мөнгөн медаль, Монголын тамирчин Б. Марал-Эрдэнэ нь хоёрдугаар байрт орсон Японы тамирчинтай адил 33'44"98 цагийн үзүүлэтээр зэрэг барианд орж боловч шүүгчдийн саналаар манай тамирчин хүрэл медалийн эзэн болсон юм.
Цуваа гараатай 8,3 км уралдаанд тэргүүн байрыг Монголын тамирчин ОУХМ А.Алтансүх 09'16"41 цагийн үзүүлэлтээр алтан медаль хүртэн дугуйн төрлөөр Монгол улсаас анхны Азийн оюутны аварга тамирчин боллоо. Хоёрдугаар байрт БНСУ-ын оюутны шигшээ багийн тамирчин Мин Кеонг Миао 09'17"50 амжилтаар мөнгөн медалийн эзэн боллоо. Харин гуравдугаар байрт Монголын тамирчин Б. Марал-Эрдэнэ 09'36"72 цагаар хүрэл медаль хүртсэн байна. Цуваа гараатай уралдааны багийн дүнг гаргахад Монголын багийн 6 тамирчны дүн хамгийн өндөр оноотой гарч манай баг алтан медаль хүртлээ.
Тэмцээний сүүлийн өдөр болсон бөөн гараатай 116 км зайн уралдаанд БНСУ-ын шилдэг тамирчин Мин Кеонг Миао нь 2 цаг 40'21"10 амжилтаар тэргүүн байрыг эзлэв. Энэ зайд Монголын тамирчид мөнгө, хүрэл медалийн эзэд болж манай талын давамгайлаар тэмцээн өндөрлөв. Монголын багийн Э. Мөнхтулга 2 цаг 40'30"75 амжилтаар 2 байрт орсон бол А.Алтансүх нь 2:40'32"35 цагаар 3 байрт шалгарчээ. Бөөн гараатай уралдааны багийн дүнг гаргахад Монголын багийн 6-н тамирчид бүгд алтан медалийн шагналын тавцанд гарсан.
Ийнхүү БНСУ-д анх удаагаа зохиогдсон Азийн оюутны аварга шалгаруулах дугуйн тэмцээнд Монголын баг 3 алт, 1 мөнгө, 3 хүрэл нийтдээ 7 медаль хүртэн нэгдсэн дүнгээр тэргүүлэн цом гардан авч, сайхан амжилт гаргаж оролцсон байна.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО