АЗИЙН ОЮУТНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЭРЭГТЭЙ САГСАН БӨМБӨГИЙН VI ДУГААР ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО БОЛНО



Ази тивийн оюутны спортын холбооны 2016 оны тэмцээний хуваарийн дагуу Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэй сагсан бөмбөгийн зургаадугаар тэмцээн 9 сарын 18-25-нд явагдана.

Тэмцээнд БНСУ, БНХАУ, Макао, Монгол, Казахстан, Тайвань, Хонгконгийн 7 орны баг тамирчид өрсөлдөх юм.
Тэмцээнийг Азийн оюутны спртын холбоо, БСШУСЯам, МОСХолбоо, МСБХолбоо, МҮСБХолбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.--
Энэ тэмцээнд багууд 2 хэсэгт хуваагдаж тойргоор тоглоно. “А” хэсэгт 4 баг “В” хэсэгт 3 баг орно. Тэмцээний сугалаа 9 сарын 14-нд Спортын төв ордонд 12.00 цагаас болно.
"А"-хэсгийг талбайн эзэн Монголын баг толгойлох бол "В" хэсгийг өнгөрсөн тэмцээний аварга БНХАУ-ын баг толгойлоно. Хэсэг бүрээс эхний 2 байранд орсон баг цаашид медалийн төлөө тоглон шалгарах журмаар тэмцээн явагдана. Тэмцээнд 17-25 насны оюутан тамирчид оролцох юм.
Тэмцээнийг БНСУ-ын иргэн, доктор Денни Ха Вун Ен удирдан явуулах ба Азийн сагсан бөмбөгийн холбооны техникийн төлөөлөгчөөр Макаогийн иргэн, олон улсын шүүгч Лэй Си Мэн нар ирж ажиллахаар болжээ. Тэмцээний өмнө ОУСБХолбооны олон улсын сургалтыг тэмцээнд ирж буй ФИБА-гийн шүүгч нар 17-18-ны өдрүүдэд удирдан явуулж, сертифекат олгоно.
Тэмцээний удирдчилсан тоглолтууд Хандгайт дах МҮСБ-ын ордон, хагас болон шигшээ тоглолтууд Буянт-Ухаа спортын ордонд тус тус явагдана.
Тэмцээнд оролцох Монгол улсын багийг МУГБагш Б.Гоошоохүү удирдан, спортын мастер С. Тулга ахлах дасгалжуулагчтай Л.Эрдэнэпүрэв, А.Алтан-очир, Д.Лхагваа дасгалжуулагчтай 14 тамирчин оролцохоор бэлтгэлээ Хадгайт дах МҮСБ-ын ордонд хангаж байна.
Манай улсын эрэгтэй сагсан бөмбөгийн оюутны шигшээ багийн тамирчид 2013 онд ОХУ-ын Казань хотноо болсон Дэлхийн Оюутны спортын зуны Универсиад их наадамд шилдэг 24 багаас Япон, Филиппины багийг хожиж, шөвгийн 16 байрт шалгарсан бол 2015 онд БНСУ-ын Гванжу хотноо болсон дэлхийн оюутны Универсиад 28 дугаар наадамд шилдэг 24 багаас Швейцарь, Чили, Мозамбик улсын багуудыг хожиж 17 дугаар байрт тус тус орж байсан юм.
Монголын оюутны эрэгтэй шигшээ баг Азийн оюутны аваргын тэмцээнд 2006 оноос эхлэн тасралтгүй оролцон 2010,2012 оны тэмцээнүүдээс хүрэл медаль хүртэн амжилттай оролцож байсан юм. Мөн Азийн оюутны аварга шалгаруулах 3х3 тэмцээнд 2015 онд БНХАУ-ын Мүгдэн хотноо оролцон мөнгөн медаль хүртэж байсан Ази тивийн шилдэг багуудын нэг юм.
Энэхүү тэмцээний эрхийг 2015 оны 5 дугаар сард Улаанбаатар хотноо хуралдсан Азийн оюутны спортын холбооны Гүйцэтгэх хорооны хурлын үеэр Тайвань, Монгол улсууд өрсөлдөн авч байсан билээ.

ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ:

9 САРЫН 19-НД: ХАНДГАЙТЫН МҮСБ ОРДОН

13.00 цагаас Нэгдүгээр тоглолт /Хэсгийн урьдчилсан тоглолт/
15.00 цагаас Хоёрдугаар тоглолт /Хэсгийн урьдчилсан тоглолт/
17.00 цагаас Нээлтийн ёслол
18.00 цагаас Гуравдугаар тоглолт /Хэсгийн урьдчилсан тоглолт/

9 САРЫН 20-НД: ХАНДГАЙТЫН МҮСБ ОРДОН
14.00 цагаас Дөрөвдүгээр тоглолт /Хэсгийн урьдчилсан тоглолт/
16.00 цагаас Тавдугаар тоглолт /Хэсгийн урьдчилсан тоглолт/
18.00 цагаас Зургаадугаар тоглолт /Хэсгийн урьдчилсан тоглолт/

9 САРЫН 21-НД: ХАНДГАЙТЫН МҮСБ ОРДОН
14.00 цагаас Долоодугаар тоглолт /Хэсгийн урьдчилсан тоглолт/
16.00 цагаас Наймдугаар тоглолт /Хэсгийн урьдчилсан тоглолт/
18.00 цагаас Есдүгээр тоглолт /Хэсгийн урьдчилсан тоглолт/

9 САРЫН 22-НД: АМРАЛТЫН ӨДӨР

9 САРЫН 23-НД: БУЯНТ-УХАА СПОРТЫН ОРДОН
14.00 цагаас А4-В3
16.00 цагаас А1-В2 ХАГАС ШИГШЭЭ
18.00 цагаас А2-В1 ХАГАС ШИГШЭЭ

9 САРЫН 24-НД: БУЯНТ-УХАА СПОРТЫН ОРДОН

13.00 цагаас 5 ДУГААР БАЙРЫН ТӨЛӨӨ ТОГЛОЛТ
15.00 цагаас ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ТОГЛОЛТ
17.00 цагаас АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ШИГШЭЭ ТОГЛОЛТ
19.00 цагаас ХААЛТЫН АЖИЛЛАГАА, МЕДАЛЬ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ