Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн анхдугаар тэмцээнд оролцоно.
Хятадын Тайваньд энэ оны 9 сарын 6-11-нд Азийн оюутны аварга шалгаруулах Эмэгтэй сагсан бөмбөгийн анхдугаар тэмцээн болно. Тэмцээнд 10 орчим орны баг тамирчид оролцох юм. Азийн оюутны спортын холбооны 2016 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдах энэ тэмцээнд оролцохоор Монгол улсын оюутны эмэгтэй шигшээ баг 9 сарын 1-нд эх орноосоо мордох гэж байна.
Монголын багийн бүрэлдэхүүнд 12 тамирчин, 2 дасгалжуулагч, 1 шүүгч орж өнгөрсөн 6 сараас эхлэн дасгалжуулагч Б.Болормаа, Б.Баярмагнай удирдлагаар бэлтгэлдээ гарсан ба зөвлөх багшаар МУГД Ц. Цэвэрбал ажиллан бэлтгэл сургуулилалтаа МУИС, ШУТИС-ийн спортын заалуудад хангасан юм. Тамирчид нь 18-25-насны өдрийн ангийн оюутнууд юм.
Энэ тэмцээний нээлтийн ажиллагаа 9 сарын 6-нд Тайпей хотын их сургуулийн спортын ордонд болж, урьдчилсан тоглолтууд 9-р сарын 7-нд эхэлнэ.
Анхны Азийн оюутны аваргын тэмцээнд оролцох Эмэгтэй баг тамирчдаа Монголын Оюутны спортын холбоо,Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо, Үндэсний сагсан бөмбөгийн холбоо хамтран бэлтгэж энэхүү тэмцээнд оролцуулж байна.
Тивийн тэмцээнд оролцох баг тамирчдын санхүүгийн асуудалд МОСХ, МСБХ-ны Ерөнхийлөгч Ц. Цэвэрбал, МҮСБХ хамтран туслалцаа үзүүлэн, эмэгтэй тамирчидаа дэмжин шийдвэрлэж өгсөн.
Монголын оюутны Эмэгтэй шигшээ багийнхан тэмцээнд өндөр амжилттай оролцон медальт байранд шалгарах итгэл, зорилго дүүрэн байна. МОСХОлбоо, МСБХ болон МҮСБХ-ны удирдлагууд баг тамирчидын бэлтгэл сургалтыг шалган ШУТИС-ийн спортын зааланд очиж, уулзаж ярилцан үүрэг даалгавар өгсөн ба тоглолтын өмсгөлийг нь гардуулан өгч амжилт хүслээ.
Манай улсын сагсан бөмбөгийн оюутны эмэгтэй баг тамирчидын хувьд олон улсын хэмжээнд 3 дахь тэмцээн том тэмцээндээ оролцох гэж байгаа ба өмнө нь 2013 онд ОХУ-ын Казань хотноо болсон Дэлхийн Оюутны Универсиад наадамд анх удаагаа оролцсон ба 2015 онд БНХАУ-д болсон Азийн оюутны аварга шалгаруулах 3х3 тэмцээнд орж шагналт 4 дүгээр байрыг эзлэж байсан сайхан амжилтыг үзүүлж байсан юм.
Баг тамирчиддаа амжилт хүсье.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО