АЗИЙН БҮСИЙН ОЮУТНЫ СПОРТЫН “УНИВЕРСИАД-2017” БОЛЛОО
Монгол улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 16.1 дэх заалт, Засгийн газрын 2016 оны 158 тоот тогтоол, БСШУС-ын сайдын 2016 оны А/155 тушаалын дагуу Монголын оюутны спортын “УниверсиадⅣ”их наадмын Азийн бүсийн тэмцээн 2017 оны 4 сарын 29-30-нд БНХАУ-ын Тяньжин хотноо Политехникийн их сургуулийн спортын ордонд явагдлаа. Наадмыг БСШУСЯам, ГХЯам, ЗГХА-БТСГазар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Монголын оюутны спортын холбоо (МОСХ), БНХАУ дахь Монголын оюутны холбоо, “Нүүдэл” болон “Grand China Sports” компаниуд хамтран зохион байгуулж сагсан бөмбөг, ширээний теннис, шатрын 3-н спортын төрөлд БНХАУ-ын Бээжин, Хөх хот, Тяньжин, Шанхай, Ухань, ТунЛяо, Шиань, Наньжин зэрэг 8 хотын баг тамирчидаас гадна БНСУ, Хятадын Тайваны их, дээд сургуулийн 250 гаруй оюутан залуусыг хамруулан оролцуулсан байна.
Их наадмын нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг болон Зохион байгуулах ажлын хэсгийн гишүүд, Үндэсний ЗБХ-ны гишүүн, БСШУСЯамны мэргэжилтэн, МОСХ-ны дэд ерөнхийлөгч Х.Батсайхан нарын зочид, төлөөлөгчид оролцож баг тамирчдад спортын өндөр амжилт гаргахыг хүсч, 4 дэх удаагийн наадмын үйл ажиллагааг эхлүүлсэн юм. Нээлтийн ёслолын үеэр Бээжин хотын шигшээ багийн тамирчин Б.Баттамир, шүүгчдыг төлөөлөн шатрын шүүгч Б.Ганзориг нар тангараг өргөв.Нээлтийн ажиллагаанд зориулан Тяньжин хотын Урлагийн их сургуулийн оюутан Г.Цэцэнбилэг, хөгжимчин Jiao Min Zhe нар морин хуурын ая тоглож, Тяньжин хотын Нанкай их сургуулийн эдийн засгийн сургуулийн оюутан Б.Содгэрэл ая дууны мэндчилгээ өргөж, Тяньжин хотын Урлагын их сургуулийн оюутан Дун Тиан “Түмэн агтны төвөргөөн” Монгол дууг дуулж наадамд оролцогч баг тамирчдын сонорыг мялаасан юм.
Азийн бүсийн “Универсиад-2017” их наадмын сагсан бөмбөг, шатар, ширээний теннисний тэмцээн ажилттай болж дүнгээ гаргалаа.
Нэг. Шатрын тэмцээн:
Эрэгтэй тамирчидаас:
1. Н.Баянмонгол /Наньжин хот/
2. Н.Баярсайхан /Хөх хот/
3. Б.Лхагвасүрэн /Хөх хот/
Эмэгтэй шатарчдаас:
1. Б.Билэгжаргал /Шиань хот/
2. Б.Мандухай /Шанхай хот/
3. М.Уранцэцэг /Бээжин хот/
Хоёр. Ширээний теннис:
Эмэгтэй ганцаарчилсан төрөлд:
1. Г. Индра /Бээжин хот/
2. Б.Уянга /Хөх хот/
3. Э. Очирсүрэн /Хөх хот/
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд:
1. Б.Эгшиглэн /Бээжин хот/
2. Г.Амартүвшин /БНСУ/
3. Ж. Батсайхан /Тяньжин хот/
Холимог хосын төрөлд:
1. Б.Эгшиглэн, Г.Индра нар /Бээжин хотын баг/
2. Г.Амартүвшин, Б. Гиймаа нар /БНСУ-ын баг/
3. Б.Уянга, Б. Сансар нар /Хөх хотын баг/
Гурав. Сагсан бөмбөгийн тэмцээн:
Сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэй төрөлд 1 байрыг Хятадын Тайваны оюутны шигшээ багийн тамирчид, II байрыг Шанхай хотод суралцдаг оюутнуудын шигшээ, 3 байрыг Хөх хотын багийн тамирчид эзлэв. Харин сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн төрөлд 1 байранд БНХАУ-ын Хөх хотын тамирчид, 2 байранд Бээжин хотын оюутнуудын шигшээ, 3 байранд БНСУ-ын оюутны шигшээ багийн тамирчид тус тус шалгарч Азийн бүсийн“Универсиад-2017” их наадмын медаль, өргөмжлөлөөр шагнуулав.
Наадмын нэгдсэн дүнгээр нийт 20 оноогоор БНХАУ-ын Хөх хотын баг тэргүүн байр эзэлж АВАРГЫН ЦОМ, алтан медаль, хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан юм. Хоёрдугаар байрт 28 оноогоор БНХАУ-ын Бээжин хотын баг тамирчид шалгарч мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал авсан бол, адил47 оноотой Шанхай хотын баг ба БНСУ –ын оюутны багууд III байранд шалгарч, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болов.Энэхүү их наадмын тамирчдын мандат, өргөмжлөл, медаль, цом, заал талбайн хөлс, шүүгчийн зардал, нээлтийн зарим зардал, төвөөс очиж буй төлөөлөгчийн зэрэг зардлыг наадмын үндэсний ЗБХорооноос гаргаж бусад бүр зардлыг БНХАУ-д суугаа Монгол улсын ЭСЯ, Зохион байгуулах комиссоос хөөцөлдөн гаргаж, тал талын хүчин чармайлт, зохион байгуулалтын хүчинд амжилттай явуулсан юм.
Хаалтын ёслолын ажиллагаан дээр Монгол улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Ганхуяг үндэсний хувцасаараа гоёон оролцож, баг тамирчидад медаль, шагналыг гардуулан өгсөн нь оюутнуудад өвөрмөц нэгэн үйл явдал болсон юм. Наадмын үйл ажиллагааг хааж Монгол улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны элчин зөвлөх, наадмыг зохион байгуулахажлын хэсгийн дарга,хатагтай Т.Батцэцэг баяр хүргэж үг хэлсэн ба наадмын төгсгөлд их наадамд оролцогчид “Халуун элгэн нутаг” дууг дуулантэмцээнийг ёслол төгөлдөр өндөрлүүлсэн юм.Ийнхүү Тяньжин хотноо болсонМонголын оюутны спортын “Универсиад” их наадмын Азийн бүсийн тэмцээнүүд амжилттай зохион байгуулагдаж нийтдээ 93 оюутан тамирчин спортын амжилтаа гарган 2017 оны Универсиад их наадмын алт, мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаасан байна.
Азийн бүсийн оюутны спортын “Универсиад” наадам нь дөрвөн жил тутамд зохиогдож ирсэн ба 2005 оны 4 сард Бээжин хотын Хайдань дүүргийн “Азийн спортын их наадмын төв”-д болж БНХАУ-ын 10-н их, дээд сургуулийн 160 орчим оюутан залуучууд оролцон, спортын 3 төрлөөр өрсөлдөж МОСХ-ноос зохион явуулсан юм. Азийн бүсийн 2 дах наадам 2009 онд Бээжин хотын Чавьяан дүүргийн “Олимпийн бэлтгэлийн төв”-д4 сарын 17-18-нд сагсан бөмбөг, ширээний теннис, шатрын спортын төрлөөр болж ЗГХА-БТСГазар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯам, МОСХолбооноос зохион байгуулж БНХАУ-ын Бээжин, Хөххот, Харбин зэрэг хотуудын 13 их сургуулийн 200 оюутан тамирчид оролцов. Гурав дахудаагийн наадам 2013 оны 4 сарын 26-29-нд БНХАУ-н Бээжин хотын “Биеийн тамирын их сургууль”-ийн спортын цогцолборт сагсан бөмбөг, ширээний теннис, шатрын гурван төрлөөр болж БНХАУ-ын дөрвөн хот, Хятадын Тайвань, Япон, Сингапур, БНСУ, БНАСАУ-ын 9 багийн 167 шилдэг тамирчдыг хамруулан өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдаж Ази тивийн олон улс оронд суралцаж буй олон оюутнуудаа оролцуулснаараа онцлогтой болсон юм.
Азийн бүсийн оюутны спортын “Универсиад” наадмууд нь олон үеийн шилдэг оюутан залуучуудыг хамрууланоролцуулж,гадаадад суралцагч оюутан залуучуудыг биеийн тамир, спортод дур сонирхолтой болгох, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх идэвх зүтгэлийг нэмэгдүүлэх, тэднийг санаачлагыг нь хөхүүлэн дэмжих, авьяаслаг тамирчдыг төрүүлэн гаргах, залуусын хоорондын үеэрхэл нөхөрлөлийг бэхжүүлэх, нэг дор уулзуулах залуучуудын нийгмийн чухал ач холбогдолтой арга хэмжээ болон зохиогдож, наадамд оролцогчдын тоо, чанар жилээс жилд өсөн нэмэгдэж байгаараа чухал онцлоготой арга хэмжээ болж байна.
НААДМЫН ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООМОНГОЛ УЛСААСБНХАУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАММОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО