ЧИРЛИДИНГИЙН ОЮУТНУУД АЗИЙН МЕДАЛИА ГАРДАН АВЛАА
Ази тивийн оюутны аварга шалгаруулах чирлидингийн III (хөгжөөн дэмжигчдийн спорт) 2021 оны тэмцээнийг БНСУ-ын Сөүл хотоос удирдан, Азийн оюутны спортын холбоо, БНСУ-ын оюутны спортын холбоо, Чирлидингийн холбооноос хамтран 2021 оны 09 дүгээр сарын 3-наас 10 дугаар сарын 14-нд цар тахлын улмаас онлайн платформ ашиглан анх удаагаа, зохион байгуулж таван улсын 437 төлөөлөгчид оролцон, долоон ангиллаар баг тамирчид өрсөлдсөн юм.
Тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн найман их, дээд сургуулийн (МУБИС, Үндэсний БТДС, Олон улсын “Улаанбаатар”-ын ИС, Их Засаг ОУИС, Мандах ИС, Шихихутаг ИС, Этүгэн ИС, АШУҮИС)-ийн 37 оюутан тамирчид, таван дасгалжуулагч багш нар оролцсон. Монголын багийг Монголын оюутны чирлидингийн холбооны Ерөнхийлөгч, ХААИС-ийн багш, ОУХМ Б.Оюун, Оюутны чирлидингийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, ҮБТДС-ийн багш, ОУХМ Ц.Мөнх-оргил удирдан, таван ангилалд багаа оролцуулсан.
Азийн аваргын тэмцээний хаалтын ажиллагаа 2021 оны 10 дугаар сарын 15-нд цахим хэлбэрээр явагдан, олон улсын шүүгчдийн зүгээс баг тамирчдын үзүүлсэн амжилт, нэгдсэн дүнг танилцуулсан билээ. Тус тэмцээний Монголын багаас “Пом”-ын хосын төрөлд оролцсон ҮБТДС-ийн эмэгтэй оюутан Б.Шүрэнцэцэг, М.Бямбацэнд нар мөнгөн медаль хүртсэн бол “Хип хоп”-ын хосын төрөлд өрсөлдсөн эрэгтэй оюутан Т.Шатар, А.Нямсүрэн нар хүрэл медаль, “Хип хоп”-ийн багийн төрөлд Ц.Мөнх-Оргил дасгалжуулагчтай холимог багийн 16 тамирчид хүрэл медалийг хүртсэн сайхан амжилтыг үзүүлсэн.
Тэмцээний зохион байгуулагч нар онлайн тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдын эх медаль, өргөмжлөлийг газрын шуудангаар Монголын оюутны спортын холбоонд (МОСХ) явуулжээ. Ингээд баг тамирчдын медаль, өргөмжлөлийг гардуулах албан ёсны арга хэмжээг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 11:00 цагт ХААИС-ийн хурлын танхимд зохион байгуулсан юм.
Баг тамирчдын шагналыг Ази тивийн оюутны спортын холбооны дэд ерөнхийлөгч, МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор, гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайхан, МОСХ-ны гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа, МОСХ-ны УЗ-ийн гишүүн, МУБИС-ийн биеийн тамирын сургуулийн захирал, доктор, дэд профессор Г.Энхсайхан, МОСХ-ны УЗ-ийн гишүүн, ҮБТДС-ийн дэд захирал, шинжлэх ухааны доктор, профессор Л.Гүндэгмаа, ХААИС-ийн Биеийн тамирын тэнхимийн эрхлэгч С.Амгаабазар нар гардуулан өглөө.
Өмнө нь Монголын баг тамирчид БНХАУ-ын Линву хотноо 2017 онд зохиогдсон Азийн АШТ-ээс хүрэл медаль, БНСУ-ын Сөүл хотноо 2019 онд болсон Ази тивийн оюутны аварга шалгаруулах чирлидингийн II тэмцээнээс хоёр хүрэл медалийг тус хүртэж байсан бол 2021 ондоо энэхүү амжилтаа ахиулан, нэг мөнгө, хоёр хүрэл медалийг хүртсэн сайхан амжилтыг гаргалаа. МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО