УНИВЕРСИАД 2017 НААДАМ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
УСАНД СЭЛЭЛТ
ОУХМ Г.Занданбал өмнө оролцсон мэлхий сэлэлтийн 2 төрөлдөө улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож байсан бол 3 дахь зайдаа өврөөр даллах сэлэлтийн төрлийн 100 метрийн зайд 55.82 сек хугацаанд замаа туулан, өөрийн хувийн амжилтаа 1 секундээр ахиулж чадлаа. Энэ өдрийн усанд сэлэтийн тэмцээний шигшээ уралдааны үеэр ОУОСХ-ны Ерөнхий санхүүч, МОСХ-ны ерөнхийлөгч Д.Баясгалан медальт байранд шалгарсан баг тамирчдад шагнал гардуулан өгсөн юм.
ЖҮДО БӨХИЙН ТАМИРЧИД ШАГНАЛТ БАЙРАНД ШАЛГАРЛАА.
Универсиад наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48 кг-ийн жинд Г.Наранцэцэг зодоглож эхний тойрогтоо Сингапурийн бөх Чев Жесминег иппоноор, дараагийн учраа АНУ-ын бөх Нагталон Дечтинее Параянийг вазари үнэлгээгээр ялсан. Хэсгийн аваргын төлөө барилдаанд ОХУ-ын бөх Н.Персидскаиатай таарч вазаригаар ялагдан, дагах барилдаанд шилжин Энэтхэгийн бөх Пулиеллумпурат Асватыг иппоноор ялан улмаар хүрэл медалийн төлөө БНСУ-ын бөх Жеонг Бокеонгид вазари үнэлгээгээр ялагдаж шагналт 5-р байранд шалгарлаа.
Эрэгтэйчүүдийн -60 кг-ийн жинд Б.Мягмардорж эхний барилдаан дээр Германы бөхтэй таарч вазари авч ялан, дараагийн учраа Пранцын бөх Лимаре Винцент Оливиед вазари үнэлгээ алдан ялагдсан юм. Тэрээр дагах барилдаанд АНУ-ын бөх Фукухара Аарон Хирошиг вазаригаар ялж, хүрэл медалийн төлөө Казакстаны бөх, Дэлхийн аваргын мөнгөн медальт Ивраев Рустамтай барилдан вазари үнэлгээ алдаж шагналт 5-р байранд шалгарсан амжилт гаргалаа.
ТАЭКВОНДО
Таэквондогийн тамирчдын 2 өдрийн тулааны тэмцээн үргэлжилж энэ өдөр 58 кг-ийн жинд ОУХМ М.Түмэнбаяр өрсөлдлөө. Тэрээр эхний тулаанд Бразилийн тамирчин Де Лима Михаил Дугласийг 12:7 оноогоор хожиж тулаанаа амжилттай эхлүүлж дараагийн тойрогт Францийн тамирчин Бетте Лиам Жеан Пиерийг 28:7 илт давуу хожсон. Хагас шигшээ тулаанд Тайландын тамирчин Ханрав Тавинд 32:29 харьцаагаар оноогоор хожигдож энэ өдрийн тулаанаа дуусгасан юм. Хэрвээ түүнийг хожсон бол хүрэл медалийн болзол хангах байсан юм.
ТУЯЛЗУУР СЭЛЭМ
Хүнд сэлэмний багийн төрөлд тулалдсан эмэгтэй тамирчид Хонгконгийн багтай таарч тулалдан 21:45 онооны харьцаагаар хожигдсон байна. Эрэгтэй тамирчид хүнд сэлэмний багийн төрөлд 8 сарын 24 нд Недарландийн багтай тулалдахаар сугалаа таарчээ.
ШИРЭЭНИЙ ТЕННИС
Теннисчид эрэгтэй, эмэгтэй багийн төрөлд өрсөлдөө. Эрэгтэй багийн тамирчид Хонгконгийн багтай таарч тоглолт 56 минутийн турш үргэлжилж Г.Чулуудай 3:0, П.Билэгжаргал 3:1, А.Бэлгүүдэй 3:0 харьцаагаар хожигдон багийн нийлбэрээр Хонгконгийн багт 3:0 хожигдлоо. Эмэгтэйчүүд эзэн орон Тайваны багтай таарч тоглон 3:0 ялагдсан.
ХҮНДИЙН ӨРГӨЛТ
ОУХМ Г.Отгонтуяа 69 кг-ийн жингийн огцом өргөлтөөр 94 кг-ийг захиалан, 3 удаагийн оролдлого амжилтгүй гүйцэтгэн тэмцээнээ өндөрлүүлсэн байна.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО