НААДМЫН ЭХНИЙ ТЕХНИКИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Монголын оюутны спортын VI наадмын спортын 10 төрөл дотроос хамгийн түрүүнд Чирлидингийн спортын техникийн зөвлөгөөн нь Спортын төв ордны 4 давхарын хурлын танхимд 2024 оны 04 дүгээр сарын 9-ний өдрийн 10:00-11:30 цагт болж өнгөрлөө. Техникийн зөвлөгөөнд Биеийн тамир, спортын улсын хорооны Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, ЗБХ-ны гишүүн Ж.Баасансүрэн, Монголын оюутны спортын холбооны (цаашид МОСХ гэх) Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗБХ-ны гишүүн Д.Жаргалсайхан, МОСХ-ны Гүйцэтгэх захирал, ЗБХ-ны нарийн бичгийн дарга Ч.Эрдэнэтуяа, Монголын хөгжөөн дэмжигч, тамирчдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Одгэрэл нар болон 10-н их, дээд сургуулийн удирдлага, багш дасгалжуулагч, шүүгч нарын төлөөлөл оролцлоо. Зөвлөгөөнөөр наадмын ерөнхий мэдээллийг танилцуулж, наадмын мандат бүртгэл, мэдүүлэг, заавар, дүн гаргах, шүүх үйл ажиллагаа, тэмцээний хөтөлбөр, техник дасгал хөдөлгөөний талаар дэлгэрэнгүй мэдээллийг оролцох их, дээд сургуулиудад өгсөн байна. Тэмцээнийг Монголын хөгжөөн дэмжигч, тамирчдын холбооны 8 шүүгч удирдан явуулах ба ерөнхий шүүгчээр Д.Энхтуяа ажиллана. Тэмцээнд зориулан тус холбооноос тусгай зориулалтын, халтирахгүй шалыг авчирч, тэмцээн явагдах Спортын төв ордонд угсарч байрлуулах юм. Наадмын хөтөлбөр ёсоор чирлидингийн тэмцээн нь 2024 оны 04 дүгээр сарын 16-ний өдрийн 10:00 цагаас Спортын төв ордонд эхлэн, 10 их, дээд сургуулийн 100 тамирчид нь дэвжээн дээрх бэлтгэлээ хийж эхэлнэ. Тэмцээний сугалаа ёсоор 10 их, дээд сургуулийн багууд 12:00 цагаас доорх дарааллаар спортын тоглолт, үзүүлбэрүүдээ хийж үзүүлнэ.
- Үндэсний биеийн тамирын дээд сургууль
- Мон-Алтиус дээд сургууль
- Монгол Улсын Боловсролын Их Сургууль
- Монгол Улсын Их Сургууль
- Рояаль олон улсын их сургууль
- Их засаг олон улсын их сургууль
- Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль
- Этүгэн их сургууль
- Шинэ Монгол технологийн дээд сургууль
- Шинжлэх ухаан технологийн их сургууль
Дашрамд дурьдахад Монголын оюутны спортын VI наадмын шигшээ тэмцээн нь 2024 оны дөрөвдүгээр сарын 15-25-нд 10 спортын төрлөөр болох ба тус наадамд 37 их, дээд сургуулийн 2,240 гаруй тамирчид оролцоно.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО