МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН VI НААДМЫН ТУХАЙ


“Монголын оюутны спортын VI наадам”-ын шигшээ тэмцээн 2024 оны 04 дүгээр сарын 15-26-нд спортын 10 төрлөөр зохион байгуулж, 533 багц медалийн төлөө өрсөлдөхөөр наадмын тэмцээнүүд эхэллээ. Наадам волейбол, гандбол, жүдо, сагсан бөмбөг 5х5, таеквондо, футзал, чирлидинг, чөлөөт бөх, шатар, ширээний теннисний 10 спортын төрлөөр явагдаж эхэлсэн. 


Монголын оюутны спортын VI наадам нь оюутны бие бялдрын боловсролыг нэмэгдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэднийг спортоор хичээллэх сонирхолыг төрүүлэн хөгжүүлэх, шилдэг тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, тив, дэлхийн оюутны тэмцээн, дэлхийн Универсиад наадамд өрсөлдөх авьяаслаг тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой юм. Энэхүү наадам нь оюутны дунд 2005, 2009, 2013, 2017, 2020-2022 онуудад таван удаа явагдан 2024 оноос эхлэн дэлхийн оюутны Универсиад наадмын жишгийн дагуу Засгийн газрын тогтоолын дагуу хоёр жилд нэг удаа зохиогдоно. 

Наадмыг Монгол Улсын Засгийн газар, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас дэмжин, ЗГТА, Биеийн тамир, спортын Улсын хороо, Монголын оюутны спортын холбоо (цаашид МОСХ) ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байна. Наадмын шигшээ тэмцээнүүд явагдах хуваарийн дагуу спортын 10 заал, танхим, спортын ордон явагдаж, спортын тэмцээнийг 10 спортын холбоод удирдан ажиллаж байна. Нэгдсэн болон төрөл тус бүрийн 7-н спортын техникийн зөвлөгөөнүүд явагдаж эхлэсэн, багийн сугалаа хийгдэн, тоглолтын хуваариуд гарсан.


Наадмын анхан шатны тэмцээнүүд нь 2023-2024 оны хичээлийн жилийн эхнээс эхлэн 2024 оны 04 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлэн явагдсан ба их, дээд сургууль дээр төрөл бүрийн хэлбэрээр үргэлжлэн явагдаж, 50 гаруй ИДС-ийн 30,000 мянган оюутнууд хамрагдан оролцож, наадмын шигшээ тэмцээнд оролцох шилдэг тамирчидаа шалгаруулсан байна. 

МОСХ нь нийгмийн хариуцлагын хүрээнд наадмын бэлгэдэлээр Монголын говийн ховор амьтан “Мазаалай” баавгайг сонгон авч, энэхүү амьтаны тухай мэдээлэл, сурталчилгааны ажлыг явуулж, хайрлан хамгаалах тухай танин мэдэхүйн мэдээг оюутан залуучуудад хүргэж, нийгэмд түлхүү ойлголт өгөх, анхаарлыг хандуулах чиглэлээр ажиллаж байна. 

Наадмын үйл ажиллагааг МҮОНРТ-ийн Спортын суваг шууд дамжуулах эрхийг авч, зарим спортын төрлийг хэсэгчлэн болон нэвтрүүлэг болгон олон нийтэд хүргэхээр болсон ба хэвлэл мэдээллийн Чеймп медиа ХХК-тай гэрээ байгуулан нийгмийн цахим сүлжээгээр наадмын мэдээллийг түгээх, олон нийтэд хүргэх арга хэмжээг явуулж байна. Наадмын тухай мэдээлийг МОСХ-ны сайт, МОСХ-ны Mongolian student sports federation/Монголын оюутны спортын холбооны гэсэн пэйж хуудсаар дамжуулан хүргэж эхэлсэн. Наадмын тухай олон төрлийн танилцуулга, мэдээлэл орсон А4 хэмжээтэй, 5 хэвлэлийн хуудас, 40 нүүртэй сэтгүүлийн МОСХ-ноос эмхэтгэн гаргаж олон арван байгууллагуудад өгч оюутны спортын энэхүү наадмын тухай, оюутны спортын үзэл санаа, үйл ажиллагааны талаар өргөн ойлголт, дэлгэрэнгүй мэдээллийг нийтлэн гаргасан. 

Монголын оюутны спортын VI наадмын үйл ажиллагаанд доорх 33 их, дээд сургуулийн 2,240 оюутан тамирчин, 600 орчим дасгалжуулагч, шүүгч, зохион байгуулагч нар оролцохоор бүртгэгдсэн. 

  1. Аварга дээд сургууль
  2. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль
  3. Ач анагаах ухааны их сургууль
  4. Боловсрол, соёл, эрх зүйн дээд сургууль
  5. Глобал удирдагч дээд сургууль
  6. Дотоод хэргийн их сургууль
  7. Идэр их сургууль
  8. Их засаг олон улсын их сургууль
  9. Мандах их сургууль
  10. Мон-Алтиус дээд сургууль
  11. Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль
  12. Монгол улсын боловсролын их сургууль
  13. Монгол улсын их сургууль
  14. Монголын үндэсний их сургууль
  15. Олон улсын Улаанбаатарын их сургууль
  16. Отгонтэнгэр их сургууль
  17. Рояаль олон улсын их сургууль
  18. Санхүү эдийн засгийн их сургууль
  19. Сити их сургууль
  20. Төмөр замын дээд сургууль
  21. Улаанбаатар эрдэм их сургууль
  22. Үндэсний биеийн тамирын дээд сургууль
  23. Үндэсний техникийн их сургууль
  24. Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургууль
  25. Хөдөө аж ахуйн их сургууль
  26. Хүмүүнлэгийн ухааны их сургууль
  27. Шинжлэх ухаан технологийн их сургууль 
  28. Шинэ анагаах ухааны их сургууль
  29. Шинэ Монгол технологийн дээд сургууль
  30. Шихихутаг хууль зүйн их сургууль
  31. Эм ай Ю дээд сургууль
  32. Эм зүйн шинжлэх ухааны их сургууль
  33. Этүгэн их сургууль

Одоогоор наадмын техникийн зөвлөгөөн нь 7 төрлөөр явагдаж чирлидингийн спортод 10 их, дээд сургуулийн 100 тамирчин, таеквондогийн төрөлд 16 багийн 67 тамирчид сагсан бөмбөгийн спортод 29 эрэгтэй багийн 348, эмэгтэй 18 багийн 216 тамирчин нийтдээ 564 оюутан, волейболын спортын төрөлд эрэгтэй 22 багийн 264 тамирчин мөн эмэгтэй 22 багийн 264 нийтдээ 528 тамирчид оролцохоор сугалаанд орж, футзалын төрөлд 18 багийн 180 тамирчин, чөлөөт бөх 16 багийн 90 тамирчин, шатрын төрөлд 25 багийн 62 тамирчин оролцохоор мэдүүлгээ авч 2024 оны 04 сарын 15-ний өдрийн байдлаар мандатаа 1,591 төлөөлөгчид мандат аваад байна.  Энэ нь өмнөх V наадамд оролцсон их, дээд сургууль болон тамирчдын тоогоор нь өссөн дүнтэй гарч эхлэсэн. 

Наадамд оролцох тамирчдын дотор Монгол Улсын нэрийг тив, дэлхий, олимпын тавцанд өргөн мандуулан оролцож байгаа олон улсын хэмжээний мастерийн өндөр цол зэрэгтэй олон арван залуу тамирчид оролцох гэж байна. Энэ наадамд оролцох тамирчид чөлөөт бөх, жүдо бөхийн зарим төрлийн тамирчид эх орноо төлөөлөн Парисын 2024 оны олимпын наадамд оролцохоороо чухал онцлоготой болж байна. Иймээс наадмын 10 төрлийн тэмцээн бүрт сонирхолтой, үзүүштэй, өрсөлдөөн ихтэй тоглолтууд их гарч, наадмын тэмцээнүүд өндөр түвшинд зохион байгуулагдан явагдах болно. 

Их, дээд сургуулийн шигшээ багууд нь спортын төрөл бүр дээрээ нэгдсэн бэлтгэл цугларалтад гарсан, сургууль бүрийнхээ спортын зааланд сайтар бэлтгэлээ хангаж, хувцас хэрэглэлээ хангаж байгаа юм. Наадмын зааварт заасны дагуу ИДС бүрийг спортын төрөл тус бүр дээр нь бага онооны системээр тухайн баг тамирчдын авсан медалийн тоо, чанарыг харгалзан Спортын холбоо, төрлийн шүүгчдийн зөвлөл нь цуваагаар байр эзлүүлэн дүгнэнэ. Төрөл тус бүрт бага оноогоор байр эзэлсэн ИДС-ийг 10 спортын төрлийг нэмж нэгдсэн дүнг гаргана.

Мөн 4-6 байр эзлүүлэн өргөмжлөл, зааврын дагуу 1-6 сая төгрөгний мөнгөн шагналаар шагнах болно.Түүнчлэн наадмын спортын төрлийн зай, жин тус бүрт эхний гурван байрт шалгарсан баг, тамирчин, дасгалжуулагчдыг наадмын медаль, өргөмжлөл, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 173 тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Үндэсний хэмжээний тэмцээн, наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчинд алт 600,0 мөнгө 400,0 хүрэл 200,0 төгрөгний мөнгөн шагналыг оюутан түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу мөнгөн шагналаар шагнана.Шигшээ тэмцээнийг сайн зохион байгуулан хамтран ажилласан спортын 3 холбоог наадмын батламж, тус бүр 1 сая төгрөгөөр урамшуулна.

Наадмын хаалтын ажиллагаа 2024 оны 04 сарын 26-ний өдрийн 15:00 цагаас спортын төв ордонд болж шигшээ тэмцээнд эхний гурван байр эзэлсэн баг, тамирчдыг наадмын медаль, өргөмжлөлөөр шагнана.

                                                              МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО