МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН VI НААДАМ ӨНДӨРЛӨЛӨӨ


“Монголын оюутны спортын VI наадам”-ын шигшээ тэмцээнийг 2024 оны 04 дүгээр сарын 15-26-нд спортын 10 төрлөөр амжилттай зохион байгуулагдаж, 533 багц медалийн төлөө өрсөлдлөө.

Монголын оюутны спортын VI наадам нь оюутны бие бялдрын боловсролыг нэмэгдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэднийг спортоор хичээллэх сонирхолыг төрүүлэн хөгжүүлэх,  шилдэг тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, тив, дэлхийн оюутны тэмцээн, Универсиад наадамд  өрсөлдөх авьяаслаг тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой явагдсан юм.

Энэ удаагийн наадмын ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсын Засгийн газар, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо, Биеийн тамир, спортын Улсын хороо, Монголын оюутны спортын холбоо (цаашид МОСХ) ажиллаж удирдан зохион байгуулав. Наадмын үйл ажиллагааг Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын спортын 10 төрлийн үндэсний холбоод дэмжин, хамтран зохион байгууллаа.

Наадмын Зохион байгуулах хорооны дэргэд хэвлэлийн алба, мандат, спортын эмнэлгийн ажлын албад байгуулагдан ажилласан. Олон арван оюутнууд наадмыг зохион байгуулах төрөл бүрийн чиглэлийн ажилд оролцон, шүүгч, сайн дурын ажилтан, зохион байгуулагч нар амжилттай ажиллав.

Наадмын анхан шатны тэмцээнүүд ИДС-иуд дээр төрөл бүрийн хэлбэрээр 2023- 2024 оны хичээлийн жилийн эхнээс үргэлжлэн явагдаж, 40 орчим их, дээд сургууль дээр 9,000 орчим оюутнууд хамрагдан оролцож, наадмын шигшээ тэмцээнд оролцох тамирчидаа сонгон шалгаруулсан билээ. Наадмын шигшээ тэмцээнд оролцох баг тамирчдын мэдүүлэг, бүртгэлийг МОСХ-ноос хийн, БШУЯ-ны цахим бүртгэлийн системээс тулган оюутан эсэхийг тогтоож байв.

Наадмын нээлтийн ёслолын ажиллагааг 2024 оны 04 дүгээр сарын 15-нд Спортын төв ордоны “А” зааланд явуулан, 33 их, дээд сургуулийн 2,000 гаруй оюутан залуучуудыг хамруулсан арга хэмжээг явуулсан. Тэмцээнийг спортын 10 барилга, байгуулууламжийг түшиглэн Спортын төв ордон, Футзалын ордон, “Оч” спорт клуб, “Зууны шатар” клуб, Баянгол дүүргийн спортын ордон, МУИС, МУБИС, ШУТИС, Мон-Алтиус, Үндэсний БТДС зэрэг их, дээд сургуулийн  спортын ордон, заал, танхимыг түшиглэн явуулсан юм.

Наадмын спортын төрлийн болон нэгдсэн 11 удаагийн техникийн зөвлөгөөнийг Спортын төв ордонд хуваарийн дагуу хийн, спортын холбоод болон багш дасгалжуулагч нарыг оролцуулан, сугалааг явуулан, хөтөлбөрийг гарган ажилласан.

Наадам нийтдээ 33 их, дээд сургуулийн 1,983 оюутан тамирчныг  бүртгэн мандатыг олгосон ба багийн дасгалжуулагч, шүүгч, зохион байгуулагч, сайн дурын ажилтан, оюутан  600 хүн зохион байгуулалтын чиглэлээр ажилласан билээ.

Энэхүү наадам нь нийгмийн хариуцлагын хүрээнд наадмын бэлгэдэлээр дэлхийн ховор амьтан болох говийн “Мазаалай” баавгайг сонгон авч, наадмын  бүх төрөлд бэлэгдэлийг зурж хийн, анонс, танилцуулга зэрэгт өргөнөөр оруулан ашигласан. Энэ ховор амьтаны талаар мэдээ, мэдээллийг оюутан залуучуудад хүргэх болон нийгэмд түлхүү ойлголт бий болгох, анхаарлыг хандуулах чиглэлээр ихээхэн ажил зохион байгуулсан.

Наадамд оролцсон тамирчдын дотор Монгол улсын нэрийг тив, дэлхий, 2020 оны Токиогийн олимпын тавцанд өргөн мандуулан оролцож байгаа олон улсын хэмжээний мастер, спортын мастер цол зэрэгтэй олон зуун залуу тамирчид оролцсоноороо чухал  онцлоготой боллоо. Наадамд оролцсон чөлөөт бөх, жүдо бөхийн зарим тамирчид эх орноо төлөөлөн Парисын 2024 оны олимпын наадамд оролцох юм.

Наадмын 10 төрлийн тэмцээн бүр ихээхэн сонирхолтой, үзүүштэй сайхан болж, өрсөлдөөн ихтэй тоглолтууд зохиогдон, наадмын тэмцээнүүд өндөр түвшинд зохион байгуулагдсан.

Спортын тэмцээнээс гадна наадмын үеэр” Оюутны спорт, биеийн тамирын боловсрол-2024” эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн төв номын санд болж, 9 оюутан, 10 залуу судлаач багш гао оролцон илтгэлээ хэлэлцүүлсэн. Хурлын материалаар 80 хуудас эмхэтгэл хэвлүүлэн гаргасан.

Наадмын үйл ажиллагаа, спортын төрлийн тэмцээнийг МҮОНРТ-ийн Спортын сувгаар шууд дамжуулан үзүүлж, зарим тэмцээнийг хэсэгчлэн болон live хийн олон нийтэд хүргэсэн. Спортыг хэвлэл мэдээллийн “Чеймп медиа” ХХК-тай хамтран наадмыг сошиал орчинд мэдээлэл, сурталчилгааг хийж ажлыг орчин цагийн хэлбэрт тохируулан явуулсан нь ихээхэн амжилттай болсон юм. Хэвлэл мэдээллийн байгууллагуудаас Өнөөдөр сонин, Ньюс мн. сайт зэрэг олон байгууллагууд өөрсдийн чиглэлээр иргэд, оюутан залуучууд болон олон нийтэд зориулсан мэдээллийг бэлтгэн ажилласан байна.

Наадмын тухай мэдээллийг БТСУХ-ны  www.sport.gov.mn  сайт болон МОСХ-ны www.monssf.mn  сайтаар, МОСХ-ны Mongolian student sports federation/Монголын оюутны спортын холбооны  пэйж хуудсаар өдөр тутмын олон арван мэдээ, мэдээллийг бэлтгэн олон нийтэд хүргэн ажилласан юм. Наадам эхлэхэд МОСХ-ны пэйж хуудас нь 16,0 мянган дагагчтай байснаа даруй 5 мянгаар нэмэгдэн 21,000 хүрсэн нь олон зуун оюутан залуус энэхүү наадмын үйл ажиллагааг сонирхон үзсэн нь батлагдаж байгаа юм.

“Монголын оюутны спортын VI наадам”-ын бүс нутгийн тэмцээнийг энэ наадамд оролцож чадаагүй орон нутгийн ИДС-ийн оюутнуудын хэмжээнд 2024 оны  09 дүгээр сарын хоёрдугаар хагаст Ховд аймгийн төвд зохион байгуулахаар аймгийн ЗДТГ, МУИС-ийн баруун бүсийн сургуультай урьдчилан тохироод байна. Энэ наадамд 10 орчим аймагт байрлан үйл ажиллагааг явуулдаг орон нутгийн ИДС ба хөрш зэрэлдээ орнуудын ИДС-ийн төлөөлөл болсон 400 орчим шилдэг оюутнууд орж спортын 5 төрлөөр наадам зохион байгуулагдана.

Наадмын зааварт заасны дагуу ИДС бүрийг спортын төрөл тус бүр дээр нь бага онооны системээр тухайн баг тамирчдын авсан медалийн тоо, чанарыг харгалзан Спортын холбоо, төрлийн шүүгчдийн зөвлөл нь цуваагаар байр эзлүүлэн дүгнэсэн. Төрөл тус бүрт бага оноогоор байр эзэлсэн ИДС-ийг 10 спортын төрлийг нэмж нэгдсэн дүнг гаргасан.

Наадмын нэгдсэн дүнгээр эхний 1-6 дугаар байр эзэлсэн ИДС-д 1-6 сая төгрөг, цом, батламж, медалиар шагнасан ба доорх их, дээд сургуулиуд шагналт 6 байрт орлоо. Үүнд:

1. МУИС-42 оноо

2. Монгол Улсын боловсролын их сургууль-49 оноо

3. Шинжлэх ухаан технологийн их сургууль-51 оноо

4. Мон-Алтиус ДС-59 оноо

5. Үндэсний БТДС-81 оноо

6. “Их засаг” олон улсын их сургууль-96 оноо

Түүнчлэн наадмын спортын төрлийн зай, жин тус бүрт эхний гурван байрт шалгарсан баг, тамирчин, дасгалжуулагчдыг наадмын медаль, өргөмжлөл, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 173 тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Үндэсний хэмжээний тэмцээн, наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчинд мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу алтан медальд 600,000 мөнгө-400,000, хүрэл - 200,000 төгрөгний мөнгөн шагналыг оюутан түүнийг бэлтгэсэн дасгалжуулагч нарт олгож урамшуулна.

Наадмын хаалтын ажиллагаа 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 15:00 цагаас Спортын төв ордонд болсон ба тус наадамд эхний 6-н байрт шалгарсан баг тамирчид оролцлоо. Наадмын хаалтын ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, УИХ дахь спортын лобби бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны ажлын албаны дарга Э.Тэмүүжин, наадмын ЗБХ-ны дарга, БТСУХ-ны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Баттулга, Ази тивийн оюутны спортын холбооны тэргүүн дэд Ерөнхийлөгч, наадмын ЗБХ-ны гишүүн, Монголын оюутны спортын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, гавьяат дасгалжуулагч, доктор Д.Жаргалсайхан, БШУЯ-ны дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Э.Чойсүрэн, МУБИС-ийн ректор, доктор, профессор Ж. Батбаатар нарын зэрэг их, дээд сургуулийн захирал нар болон ЗБХ-ны  гишүүд, МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд, наадмын хөтөлбөрт орсон 10 Спортын төрлийн холбоодын удирдлагууд болон бусад хүндэт зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцсон.

Хаалтын ёслолын арга хэмжээнд зориулан БТСУХ-ны дарга, ЗБХ-ны дарга О. Баттулга, МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан нар баяр хүргэн үг хэлсэн юм. Үүний дараа наадмын Чирлидингийн тэмцээнд түрүүлсэн Д.Түмэнтөгс дасгалжуулагчтай, Т.Анударь ахлагчтай МУИС-ийн баг тамирчид үзүүлэх тоглолт хийж, “Дайнс чайнс” хамтлагийг “Элсэн тэс” тоглолт болсон.

Наадмын тэмцээний төрөл бүрийн үйл ажиллагаанд оролцон, бие сэтгэл болон бусад хэлбэрээр ихээхэн тус дэм хүргэн, наадмыг амжилттай явуулахад хувь нэмрээ оруулан ажилласан 3-н сайн дурын оюутан, ажилтан нар болох ҮБТДС-ийн биеийн тамир, эмчилгээ арга зүйн тэнхимийн оюутан Д,Пүрэвхүү, ерөнхий зохион байгуулалтын чигэлээх ажилласан Мон-Алтиус дээд сургуулийн II дамжааны оюутан Т.Рэнцэндорж, МОСХ-ны ахлах мэргэжилтэн Д.Чойжилсүрэн нарыг шалгаруулан шагнав.

Наадмын 10 төрлийн тэмцээнийг амжилттай сайн зохион байгуулж, хамтран ажилласан Монголын Оюутны таеквондогийн холбооны ерөнхийлөгч П.Батхүү, Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч О.Тэнүүн, Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж нарыг бүр нэг сая төгрөг, хүндэт өргөмжлөлөөр шагнав.

Наадмын спортын 10 төрлийн тэмцээний нэгдсэн дүнгээр эхний 6 байр эзэлсэн их дээд сургуулиудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо.  Наадмын нэгдсэн дүнгээр  6-р байрыг эзэлсэн Ардын багш, шинжлэх ухааны доктор, профессор Н. Ням-Осор захиралтай “Их Засаг олон улсын их сургууль”-ийн 96 оноогоон шагналт байрыг эзэлсэн юм. Харин 5-р байрыг шинжлэх ухааны доктор, профессор Л.Алтанцэцэг захиралтай “Үндэсний биеийн тамирын дээд сургууль”-ийн баг тамирчид 81 оноогоор эзлэв. Шагналт  4-р байрыг Гавьяат багш М.Өсөхбаяр захиралтай “Мон-Алтиус дээд сургууль” -ийн баг тамирчид эзлэж шагналыг гардуулан өгсөн.

Монголын Оюутны спортын VI наадмын нэгдсэн дүнгээр 3 дугаар байрыг доктор, профессор Т. Намнан захиралтай Шинжлэх ухаан технологийн их сургууль-ийн баг тамирчид эзэлсэн. Баг тамирчдыг ЗБХ-ны хүндэт өргөмжлөл, цом, 4,0 сая төгрөгөөр шагнасан юм.  Харин 2 дугаар байрыг доктор, профессор Ж.Батбаатар захиралтай “Монгол Улсын боловсролын их сургууль”-ийн баг эзлэн, өргөмжлөл, мөнгөн медаль,  цом, 5,0 сая төгрөгний мөнгөн шагнал хүртэв.

Монголын Оюутны спортын VI наадмын нэгдсэн дүнгээр тэргүүн байрыг Ардын багш, шинжлэх ухааны доктор, профессор Д. Бадарч захиралтай “Монгол Улсын Их Сургууль”-ийн баг тамирчид эзэлсэн юм. Баг тамирчдыг ЗБХ-ны хүндэт өргөмжлөл, цом, алтан медаль, 6,0 сая төгрөгөөр шагнасан ба шагналыг УИХ-ын гишүүн, УИХ дахь спортын лобби бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг гардууллаа.

Энэхүү наадмын тэмцээнээс шалгарсан баг тамирчдыг 2024 онд зохиогдох Ази тивийн болон Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээн, 2025 онд явагдах дэлхийн оюутны Универсиад наадамд оролцуулах арга хэмжээг МОСХ-ноос зохион байгуулан ажиллана.

Ийнхүү наадам амжилттай зохион байгуулагдаж, олон их дээд сургуулиудын багш, оюутан, хөгжөөн дэмжигч, үзэгчид, зохион байгуулагч, шүүгч нар оролцлоо. Наадмын ЗБХороо, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо, БШУЯам, БТСУХ, МОСХ, спортын 10 төрлийн холбооноос ихээхэн хүчин чармайлт гарган, зохих хөрөнгө зардлыг гарган, наадмыг амжилттай зохион байгуулан явуулсан.

Энэхүү наадам нь оюутны дунд өмнө нь 2005, 2009, 2013, 2017, 2020-2022 онд явагдаж байсан. Мөн гадаадад суралцагч оюутан залуусын дунд ч зохиогдож ирсэн. Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолын дагуу 2020 оноос эхлэн дэлхийн оюутны Универсиадын жишгийн дагуу Монголын оюутны спортын наадам хоёр жилд нэг удаа зохиогдохоор болсон ба дараагийн наадам 2026 онд буюу хоёр жилийн дараа болно.  

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО