Монголын оюутны спортын түүх
"МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ТҮҮХЭН ХӨГЖИЛТ" номноос Монголын оюутны спортын түүхийг унших, судлан мэдэх боломжтой юм.
"Монголын оюутны спортын түүх хөгжилт" номыг доктор, дэд профессор Доржсүрэнгийн Жаргалсайхан 2020 онд зохиож, ерөнхий редактораар нь Монголын оюутны спортын холбооны (МОСХ) Ерөнхийлөгч Д.Баясгалан нар ажиллан бүтээжээ.
- Номын эхний бүлэгт 1922 оноос хойшхи Монголын оюутны спортын түүхэн хөгжлийн үе шатууд, хийгдсэн ажил, үйл ажиллагааны талаар оруулсан байна.
- Хоёрдугаар бүлэгт нь Монголын спортын хоёр дах том нэгдмэл спортын байгууллага болсон МОСХ-ны 1989-2019 оны 30 жилийн үйл ажиллагаа, арга хэмжээний тухай бичжээ.
- Гуравдугаар бүлэгт нь 1965 оноос эхлэн Монголын оюутан тамирчдын дэлхийн оюутны спортын өвөл, зуны Универсиад наадмуудад оролцсон тухай, үзүүлсэн амжилт, түүхийг тусгасан ажээ.
- Дөрөвдүгээр бүлэгт нь 1988-2019 оны хооронд дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд Монголын оюутан тамирчид хэрхэн оролцсон, үзүүлсэн амжилт, түүхэн үйл явдлыг багтаасан байна.
- Тавдугаар бүлэгт нь 2005-2019 онд Монголын оюутан тамирчид Ази тивийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд гаргасан амжилтыг дурсан өгүүлжээ.
- Сүүлчийн бүлэгт МОСХ-ноос өөрийн улсад зохион байгуулсан найман удаагийн ази тивийн болон дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнийг хэрхэн хүлээн авч, яаж зохион байгуулсан талаарх үйл явдлууд багтан орсон байна.
Энэхүү ном нь “Монголын оюутны спортын түүхийг тодруулан харуулсан сайхан бүтээл болжээ” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тус номонд зориулан ирүүлсэн мэндчилгээндээ дурдсан байна. Мөн Олон улсын оюутны спортын холбооны (ОУОСХ) Ерөнхийлөгч О.В. Матыцин нь “Монгол Улс ОУОСХ-ны тэмцээний түүхэнд өөрсдийн ихээхэн хувь нэмрийг оруулж, дэлхийн оюутны аварга шалгаруулах шатар, чөлөөт бөх, бокс, байт харвааны тэмцээнийг өндөр хэмжээнд зохион байгуулж байсан” хэмээн үнэлэн үзсэн байна.
Энэхүү ном нь манай орны их, дээд сургууль, спортын холбоод, спортын бүх төрлийн байгууллага, оюутан залуус, тамирчид, эрдэмтэн багш нар, дасгалжуулагчид, шүүгч, спортын арга зүйч, зохион байгуулагч, мэргэжилтэн, удирдах ажилтанууд, захирал, биеийн тамир, спортын байгууллагын ажилтан, судлаачид, спортыг шүтэн бишрэгч, сонирхон хөгжөөн дэмжигч нарын мэдлэг оюуныг нэмж, танин мэдэхүйн олон мэдээллийг өгч амьдрал, ажил, сургалтын үйл ажиллагаанд хэрэглэгдэх сурах бичиг, гарын авлага, ширээний ном нь болсон бүтээл юм. Иймээс "Монголын оюутны спортын түүх хөгжилт" номыг БШУЯамнаас бүх их, дээд сургууль, коллежиудын оюутнуудын биеийн тамирын хичээл, сургалтанд зориулан ашиглахыг зөвлөмж болгосон шийдвэр гарсан юм.
Тус ном нь 404 хуудастай, өнгөт хэвлэлээр хийгдсэн, хатуу хавтастай, А4 хэмжээтэй, 50,5 хэвлэлийн хуудас, зургаан бүлэг материал бүхий олон төрлийн мэдээлэл, зураг орж хэвлэгдэг гарчээ. Нийтдээ хоёр мянган ширхэг хувиар хэвлэгдсэн байна.
Зохиогч Д.Жаргалсайхан энэхүү номоо Монгол Улсад оюутны спортын хөдөлгөөн үүсч хөгжсөний 98 жилийн ой (1922-2020), Монголыг залуучууд, оюутны спортын анхдугаар наадам зохиогдсоны 60 жилийн ой (1959-2019), Монголын тамирчид дэлхийн оюутны спортын Универсиад наадамд оролцож эхэлсэний (1965-2020) 55 жилийн ой болон Монголын оюутны спортын холбоо үүсэн байгуулагдсаны 30 жилийн (1989-2019) түүхт ойн баяруудад зориулан гаргажээ.
"Монголын оюутны спортын түүх хөгжилт" номыг бүх их дээд сургуулийн болон бүх номын сангуудаас захиалан авч унших бололцоотой. Харин номыг олж авахыг хүсвэл МОСХ-ны 311947, 88198123 утсаар холбогдох ба Улаанбаатар хотын бүх номын дэлгүүрээс худалдан авч болно.