ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГ БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРООНЫ ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ


Монголын Оюутны спортын VI наадамд оролцогч нийт оюутан тамирчид, дасгалжуулагчид Та бүхэнд спортын өндөр амжилт хүсэж Монголын Оюутны спортын VI наадмын Зохион байгуулах хороо, Биеийн тамир, спортын улсын хорооны нэрийн өмнөөс болон хувиасаа Монгол Улсад орчин цагийн Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн чин сэтгэлийн мэндчилгээг дэвшүүлье. Монгол Улсын Засгийн газраас “Алсын Хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, түүнийг дагаж батлагдсан бодлогын баримт бичгийн “Идэвхтэй амьдралын хэвшилтэй иргэн, гэр бүлийг дэмжиж, биеийн тамир, спортын ээлтэй орчныг бүрдүүлнэ” гэсэн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журам”-ын дагуу 2024 онд Монголын Оюутны спортын VI наадмыг үндэсний хэмжээнд зохион байгуулахаар Монгол Улсын Сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны даргын 2024 оны 10 дугаар тушаалаар шийдвэрлэсэн билээ. 

Энэхүү наадам нь 2020 оноос эхлэн хоёр жил тутамд зохион байгуулахаар журамлагдсан бөгөөд оюутан, залуучуудад наадмын хүрээнд биеийн тамир, спортын үйлчилгээг хүргэхэд онцгой анхаарлаа хандуулан шаардагдах төсвийн болоод бүх талын дэмжлэгийг Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо, Биеийн тамир, спортын улсын хорооноос үзүүлж, гүйцэтгэгч байгууллагаар Монголын Оюутны спортын холбоо зохион байгуулалтыг ханган ажиллаж байна. Бид Монгол улсад орчин цагийн Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойгоо 2024 онд тэмдэглэх гэж буйтай давхцан Оюутны спортын VI наадам зохиогдож байгаа нь онцлог юм. 

Монголын Оюутны спортын наадмаас олимп, тив, дэлхийн үе үеийн шилдэг тамирчид төрөн гарсан байдаг. Наадмын гол зорилго нь оюутан залуучуудын бие бялдрын боловсролыг нэмэгдүүлэх, тэдний дунд спортыг хөгжүүлэх, ур чадварыг дээшлүүлэх, авьяаслаг тамирчдыг нээн илрүүлэх, шалгарсан тамирчдыг 2025 онд болох Дэлхийн Оюутны спортын зуны 32 дугаар Универсиад наадамд оролцуулахад чиглэгдэж байна. Шигшээ тэмцээнд оролцогчдыг биеийн тамир, спортын салбарт нэвтрүүлж буй цахим бүртгэлд оруулж байгаа нь тамирчдын гаргасан амжилт үндэсний нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдэнэ. Мөн наадмын шигшээ тэмцээнд оролцогчид нь 533 багц медалийн төлөө өрсөлдөж, шалгарсан тамирчид болон түүний дасгалжуулагчдад Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 173 дугаар тогтоолын дагуу мөнгөн шагнал олгогдох болно. Энэ жилийн наадмын хүрээнд спортын төрлийн тэмцээнээс гадна боловсрол соёлын арга хэмжээ, эрдэм шинжилгээний хурал зохиогдож оюутны спортод тулгамдаж байгаа асуудал, их дээд сургуулийн биеийн тамирын хичээл, эрүүл мэнд зэрэг асуудлаар илтгэл, хэлэлцүүлэг явагдана. 

Олимп, нийтийн биеийн тамирын үндэсний хороо, Биеийн тамир, спортын улсын хорооноос наадмын хөтөлбөрт багтсан спортын төрлийн тэмцээнд оролцогч оюутнууддаа хандан тамирчдын харилцаа, хандлага, ёс зүй, биеэ авч явах байдал, төлөв даруу зан, харилцааны талаар нийгэмд онцгой нөлөө үзүүлж, үлгэр дуурайлалтай, шударга өрсөлдөж эерэг зөв хандлагыг сурталчлахыг уриалж байна. Мөн эрүүл амьдралын хэвшил бүхий иргэн, гэр бүлийг төлөвшүүлэх, спортоор дамжуулан эерэг нөлөөллийг нийгэмд түгээх энэхүү ажлын тэргүүн эгнээнд оюутан, залуус Та бүгдийг түүчээлэн оролцоно гэдэгт итгэлтэй байна. 

Та бүхэндээ спортын өндөр амжилт гаргаж наадмын аваргууд болохыг хүсэн ерөөе. 

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН VI НААДМЫН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРООНЫ ДАРГА, 

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГ БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРООНЫ ДАРГА О.БАТТУЛГА