БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ


Монголын оюутны спортын VI наадамд оролцож байгаа оюутан тамирчид, багш, дасгалжуулагч, их, дээд сургуулийн ажилтан нар, төлөөлөгч Та бүхэнд спортын өндөр амжилт хүсэн чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Монголын оюутны спортын наадмыг хоёр жил тутамд зохион байгуулах болсноор оюутан байх хугацаанд хоёр удаа энэхүү нэр хүндтэй арга хэмжээнд оролцох бололцоог бий болгож, оюутан залуучуудыг биеийн тамир, спортоор хичээллэх, эрүүл мэнд, бие бялдраа чийрэгжүүлэх, их дээд сургуулийн биеийн тамир, спортын үйл ажиллагааны чанарыг сайжруулахад энэхүү наадам ихээхэн туслалцаа дэмжлэг болж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Шинэчлэн баталсан Боловсролын багц хуульд оюун ухааны өндөр чадвартай, өв төгш эрүүл, чийрэг бие бялдартай, зөв хандлага төлөвшилтэй Монгол иргэн бэлтгэхийг чухалчилан үзсэн билээ. Энэхүү наадмын зорилго ч гэсэн ирээдүйн Монгол иргэдийг төлөвшлүүлэх, эрүүл чийрэг, биеийн тамир, спортоор хичээллэдэг, амьдралын зөв дадал хэвшилтэй иргэдийг бэлтгэх явдал гэж бид ойлгож, наадмын үйл ажиллагааг талархан дэмжиж байна.

Өнөөдөр спортын 10 төрлөөр наадмын тэмцээндээ орж байгаа их, дээд сургуулийн удирдлага, багш дасгалжуулагч, оюутан тамирчид Та бүхэндээ Монголын Оюутны спортын VI наадмын үйл ажиллагаандаа амжилттай оролцон, спортын өндөр амжилт гаргахыг дахин хүсье.Ирээдүйн олон олимп, дэлхийн аваргууд энэхүү наадмаас төрөн гарна гэдэгт итгэл төгс байна.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН